Та ЭЭЛЖИЙНХЭЭ АМРАЛТЫГ авах гэж байна уу?
Урин дулаан цаг ирж, хэн хүнгүй бүтэн жил ажилласан ажлынхаа эрч хүчийг нөхөхөөр ээлжийнхээ амралтыг авах гэж байгаа болов уу. Тэгвэл уншигч танд ээлжийн амралттай холбоотой мэдээллийг хүргэж байна.
-Ээлжийн амралтыг хэн эдлэх вэ?
- Хэрэв та төрийн албан хаагч болон хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг бол Хөдөлмөрийн тухай хуульд заасан ээлжийн амралт эдлэх эрхтэй.
-Ээлжийн амралтыг жил бүр эдлэх үү?
-Тиймээ. Ажилтан жил бүр ээлжийн амралт эдлэх ёстой.
-Ээлжийн амралтыг хэдий хугацаагаар ажилласны дараа авах вэ?
- Ер нь хэдийд ч авч болно. Ажилтныг ямар хугацаагаар ажиллуулсаны дараа хэдийд ээлжийн амралт олгох болон хоёр амралтын хоорондох хугацааг хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журмаараа байгууллагууд зохицуулдаг.
-Хэрэв ажлаас халагдаж байгаа бол ажилтны ээлжийн амралтын тооцоо хийж, ээлжийн амралтын мөнгө олгох уу?
Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлдэг.
- Тиймээ. Ажилтныг ажлаас халагдах үед ажил олгогч нь ээлжийн амралтын тооцоог заавал хийнэ.
-Өөр байгууллагад шилжин ажиллах бол ээлжийн амралтыг хаанаас авах вэ?
- Нэг аж ахуйн нэгж, байгууллагаас нөгөөд шилжин ажиллаж буй ажилтан урьд ажиллаж байсан байгууллагынхаа ажил олгогчтой ээлжийн амралтын мөнгөн тооцоог заавал хийж дуусгасан байна.
Харин ээлжийн амралтаа биеэр эдлээгүй тохиолдолд дараагийн ажил олгогч өмнөх ажил олгогчийн тодорхойлолтыг үндэслэн тодорхой хугацааны дараа түүнд ээлжийн амралт олгож болно.
-Ээлжийн амралтыг биеэр эдлэхгүйгээр ажилласан бол яах вэ?
- Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлдэг. Харин ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно.
Мөнгөн урамшуулал олгох журмыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцсоны үндсэн дээр ажил олгогчийн шийдвэрээр зохицуулна.
Иймд ажил олгогчийн шийдвэрээр ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа эдлээгүй бол ямар хэмжээний мөнгөн урамшуулал олгохыг урьдчилан тохирох нь зүйтэй.
-Ээлжийн амралтыг нийт ажилчдад яаж зохицуулж эдлүүлэх вэ?
- Ажил олгогч ээлжийн амралтын хуваарийг гаргана. Ингэхдээ ажилчдын саналыг үндэслэн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр зохицуулж, календарийн жилийн эхний улиралд багтаан гаргаж, хуваарийг баталдаг. Хэрэв та хүсвэл ээлжийн амралтаа хэсэгчлэн эдэлж болно.
-Ээлжийн амралтын олговрыг хэрхэн тооцдог вэ?
- Ээлжийн амралтын олговрыг тодорхойлохдоо амралт олгохын өмнөх 12 сарын цалин хөлсний нийлбэрийг 12-т хувааж 1 сарын дундаж цалин хөлсийг гаргах бөгөөд гарсан тоог байгууллага нэгжид мөрдөж буй сарын ажлын өдрийн тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг тооцон гаргана.
Нэг өдрийн дундаж цалин хөлсийг ажилтны ээлжийн амралтын өдрөөр үржүүлэн ажилтанд олговол зохих ээлжийн амралтын олговрын хэмжээг тодорхойлно.
-Хэрэв ажилласан хугацаа нь жил хүрэхгүй бол яах вэ?
- Ажилтны ажилласан хугацаа 12 сар хүрээгүй бол түүний ээлжийн амралтын олговрыг ажилласан хугацааны дундаж цалин хөлсөөр тооцно.
Жишээ нь: Ажилтан А байгууллагад 2006 оны 11 дүгээр сарын 1-нд ажилд ороод 2007 оны 7 дугаар сарын 1-нээс ээлжийн амралтаа эдлэхээр бол түүний нийт ажилласан 8 сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр тодорхойлно гэсэн үг.
-Ээлжийн амралтын олговроос шимтгэл, суутгал авах уу?
- Авна. Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу авч байгаа үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал, урамшуулал, амралтын олговор, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлогод албан татвар ногдуулдаг.
-Ээлжийн амралт ямар хугацаатай байдаг вэ?
- Ээлжийн амралт үндсэн ба нэмэгдэл амралтаас бүрдэнэ. Үндсэн амралтыг хэдэн жил ажилласнаас хамаарахгүйгээр ажилтан бүр эдлэдэг. Ээлжийн амралтын үндсэн хугацаа ажлын 15 өдөр байдаг.
-Ээлжийн амралтын хугацаанд баярын өдрүүд орохгүй гэсэн үг үү?
- Тиймээ. Ер нь дараах тохиолдлыг ээлжийн амралтын үргэлжлэх хугацаанд оруулж тооцдоггүй.
Үүнд:
- Нийтээр амрах баярын өдрүүд;
- Долоо хоногийн амралтын өдрүүд;
- Жирэмсний болон амаржсаны амралт;
- Хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацаа;
- Ажил олгогчоос албан ёсны чөлөөтэй байсан хугацаа.
-Нэмэгдэл амралтын талаар тайлбарлаж өгнө үү?
-Ээлжийн үндсэн амралт дээр нь ажилтны ажилласан жилээс нь хамааран нэмэгдэл амралт олгодог.
Хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажиллаж байгаа бол:
- 6-10 жилд ажлын 3 өдөр;
- 11-15 жилд ажлын 5 өдөр;
- 16-20 жилд ажлын 7 өдөр;
- 21-25 жилд ажлын 9 өдөр;
- 26-31 жилд ажлын 11 өдөр;
- 32, түүнээс дээш жилд ажлын 14 өдрийн нэмэгдэл амралт авна.
-Ээлжийн амралт олгохгүй тохиолдол байдаг уу?
- Байна. ЭМНХ-ын сайдын 166 дугаар тушаалаар батлагдсан “Ээлжийн амралт олгох заавар”-т дараах тохиолдлуудад ээлжийн амралт олгохгүй гэж заасан байдаг.
Үүнд:
- Цэргийн жинхэнэ алба хаасан;
- Тэтгэмжтэй чөлөөтэй байсан;
- Техник мэргэжлийн сургуульд суралцсан;
- 6 сараас дээш хугацаагаар мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэхээр суралцсан эдгээр хугацаанд ээлжийн амралт олгохгүй юм.
Жишээлбэл, ажилтан 2006-2007 онд 3 сар мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан бол энэ 3 сарын хугацаа нь амралт бодогдох 12 сарын хугацаанд орохгүй гэсэн үг юм.
Эх сурвалж: ХНХЯ