Б.Дуламсүрэн: Салхи 14-16 метр секунд хүртэл ширүүсэж, цасан болон шороон шуурга шуурна
Онцгой байдлын ерөнхий газраас цаг үеийн асуудал, цаг агаарын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
ОБЕГ-ын олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн:
Зуны эхэн сар гарсан хэдий ч цаг агаарын нөхцөл байдал тогтворгүй байна. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь аймгийн нутгаар цасан болон шороон шуурга шуурлаа. Цасан шуурганы улмаас малдаа яваад сураггүй болсон, цасанд боогдсон тухай 20 гаруй дуудлага онцгой байдлын газарт ирсэн.
Дуудлагын дагуу онцгой байдлын албаныхан орон нутгийн төр захиргааны байгууллагуудтай хамтран ажиллаж, 64 иргэнийг авран хамгаалсан. Мөн цасан болон шороон шуурганы улмаас Ховд аймагт 12 гэр, дөрвөн модон шон унасан.
Цаг агаарын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр энэ сарын 14-17-нд салхи 14-16 метр секунд хүртэл ширүүсэж, цасан болон шороон шуурга шуурна. Тиймээс малчид малдаа явахдаа дулаан хувцаслах, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, цаг агаарын таагүй нөхцөл байдалтай үед замд гарахгүй байхыг сэрэмжлүүлж байна.
ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Галбадрах:
"2019 оны гарснаас хойш Улсын хэмжээнд 2,318 удаагийн объектын гал түймрийн дуудлага бүртгэгдсэн. Түймрийн улмаас 4.2 тэрбумын өмч хөрөнгө шатаж, 23 хүн галд өртөж нас барсан. Мөн 10 хүн түлэгдэж бэртсэн.
Өнөөдрийн байдлаар онцгой байдлын алба хаагчид 459 иргэнийг авран хамгаалж, 23.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалсан. Гал түймрийн гаралт, учирсан хохирлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад түймрийн гаралт 35 хувиар өсөж, хохирлын хэмжээ 62.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Хамгийн хохирол ихтэй дөрөвдүгээр сарын 22-нд ОХУ-аас Хэнтий амйгийн Батширээт сумын нутагт хил дамнаж орж ирсэн ой хээрийн түймэр бөгөөд үүнийг унтраахаар нийт 20 хоног ажилласан" гэлээ.









