М.Форст: Олон нийтийн сүлжээнд регистрээрээ бүртгүүлэх нь иргэдийн мэдээлэл олж авах эрхэд халдсан хэрэг болно
НҮБ-ын тусгай илтгэгч Мишель Форст дөрөвдүгээр сарын 30-аас тавдугаар сарын 13-ны хооронд хоёр долоо хоногийн туршид Монгол Улсад ажиллалаа. Энэ үеэр Монгол Улсад хүний эрхийн хамгаалагчдын нөхцөл байдал ямар түвшинд байгаад дүн шинжилгээ хийснээ өнөөдөр танилцууллаа.
Монголд 14 хоног ажиллахдаа Улаанбаатар хот болон Дорноговь аймгийн Сайншанд хот, Айраг сум, Зүүнбаян тосгоноор орж, төрийн тэргүүнээс аваад иргэний нийгмийн төлөөлөл, хувийн хэвшлийн 100 хүнтэй уулзаж хүний эрхийн хамгаалагчдыг сонсож ярилцжээ.
НҮБ-ын тусгай илтгэгч Мишель Форст:
Би Монголд хууль эрх, ялангуяа хүний эрхтэй холбоотой заалтуудыг судалж, хэрхэн шинэчилж буйг мэдэх, хүний эрхийн байдалтай танилцах зорилгоор ирсэн. Энэ талын саналыг маань хүлээн авч, мөн хүсэлт гаргасан Монгол Улсын Засгийн газарт талархаж байна.
Монгол Улс нь Зүүн болон Төв Азийн бүс нутагт ардчиллын манлайлагч хэмээн ойлгогддог боловч сүүлийн үед хоёрдмол утгаар ойлгогдож болох нэмэлт өөрчлөлт зарим хуульд орж байгаа нь хүний эрхийн хамгаалагчдад айдас төрүүлж, тэдний ажилд саад бэрхшээл учруулж байна.
Мөн хүний эрхийг хамгаалагчдын үйл ажиллагаа явуулах орчин Монголд аюулгүй байгаа ч тэднийг дэмжсэн таатай орчин бүрдээгүй байна.
Монгол Улс нь Үндсэн хуулиас гадна бусад хууль тогтоомжид хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлд тодорхой зүйл заалтыг туссан хэдий ч Шүүх, АТГ зэрэг хуулийн байгууллагуудын удирдлагыг сольж буй нь шүүхийн хараат бус байдалд цаашид ноцтой сөрөг үр дагавар учруулж мэднэ.
Үүнээс гадна, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх Монгол Улсад маш сайн хангагдсан. Үүнд би монголчуудад баяр хүргэмээр байна. Гэхдээ сүүлийн үед регистрийн дугаараар олон нийтийн сүлжээнд бүртгүүлэх асуудлыг монголчууд ярих болж, энэ нь иргэдийг мэдээлэл олж авах эрхэд халдсан хэрэг болно гэж харж байна.
Мөн шүгэл үлээгч болон эрэн сурвалжлах сэтгүүлзүйгээр дагнасан сэтгүүлчдэд мэдээлэл авах эрхийг нь боогдуулах болно. Иймээс л Монгол Улсад авлига, хуулийн гадуур үлдэх байдал газар авч байна." гэлээ.
Мөн Хүний эрхийг хамгаалагчдын талаар хууль батлан гаргах нь тэдний хийж байгаа хууль ёсны ажлыг дэмжиж, хүлээн зөвшөөрөх юм. Мөн тэдний эсрэг байгаа этгээдүүдийг шийтгэхэд тодорхой алхам болно” гээд Монгол Улс ийм хуулийг баталж бүс нутагтаа хэрэгжүүлсэн анхны орон болохыг уриалсан юм.









