ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас хэвлэл мэдээллийн байгууллага, контент борлуулагч нартай уулзалт хийлээ
"Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг сурталчлахгүй байхыг анхааруулж байна"
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас өнөөдөр хэвлэл мэдээллийн байгууллага болон кино театрууд, контент борлуулагч нартай уулзалт хийлээ. Хар тамхи хэрэглэх, худалдан борлуулах, хадгалах, тээвэрлэх, донтох явдал сүүлийн жилүүдэд тасралтгүй өсч, энэ гэмт хэргийн нөхцөл байдал улам хүндэрч байгаа учраас олон нийтэд чиглэсэн урьчилан сэргийлэх, хор хохирлыг ойлгуулах, сургалт сурталчилгааны ажлыг тасралтгүй хийх шаардлагатай байгаа гэдгийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга Ж.Эрдэнэболд энэ үеэр онцоллоо.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2018 оны хоёрдугаар сарын 05-ны өдрийн зөвлөмжийг хэрэгжүүлж, хар тамхийг бэлтгэх, хэрэглэхийг заасан, хууль бус эргэлт, худалдааг өөгшүүлсэн агуулгатай дуу, дүрс бичлэг, зураг, ном товхимол, хэвлэмэл хуудас, кино, клипийг олон нийтэд түгээхийг энэ тавдугаар сарын 20-ноос хойш хориглож байгаа гэдгийг энэ уулзалтын үеэр дуулгалаа.
"Хар тамхи болон мансууруулах бодисын хэрэглээг харуулсан МУСК-ны хэсгийг хасаж нэвтрүүлнэ"
Ингэснээр “Ларьдма-2”, “Сайн уу амьдрал минь-2”, “Ар хударга”, “Цуурхал” зэрэг Монголын уран сайхны киноноос эхлээд холливүүдийн “Богемиан рапсоди”, “Американ биути” зэрэг асар олон кинонуудыг телевиз болон кино сан, интернет сайтууд, кино театруудаар бүрэн хэмжээгээр гаргахыг хориглохоор байна. Гаргалаа гэхэд хар тамхины хэрэглээтэй хэсгийг техникийн аргаар хасаж гаргах юм байна.
Мөн тавдугаар сарын 20-оос өмнө дээрх хориглосон агуулгатай контентыг мэдээллийн сайт, цахим сан, тв, кино сангуудаасаа устгах, эсвэл тухайн агуулгатай хэсгийг техникийн аргаар хасаж дахин байршуулахыг зөвлөсөн байна.
2018 онд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 412 хүнд холбогдох 199 гэмт хэрэг бүртгэгдсэн нь урьд онтой харьцуулахад гэмт хэрэг 70 хувь, холбогдогч 49,8 хувиар тус тус өсч нийт холбогдогчдын 85 хувийг 35 хүртэл насны хүүхэд, залуус эзэлж байна.
Гэмт хэрэг үйлдэж буй шалтгаан, нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээгээр энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогч хүүхэд, залуус нь мансууруулах үйлчилгээтэй ургамал түүж бэлтгэх, боловсруулах болон хэрхэн хэрэглэх талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчноос мэдээлэл авах, түүнийгээ турших бусдад энэхүү мэдээллээ хуваалцах, зааж сургах, гэмт үйл ажиллагаандаа ашигласан тохиолдлууд бүртгэгдсэн аж.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|









