Цагдаагийн байгууллагаас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэллээ
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглож хэрэгжилтийг хангаж ажиллах талаар төрийн байгууллагуудад даалгасан.
Дээрх тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Засгийн газрын энэ оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 158 дугаар тогтоолоор Цагдаагийн байгууллагад түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон бүсэд урьдчилан сэргийлэх болон хяналтын үйл ажиллагаа хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Эргүүл, хяналт шалгалтын нэгжийг 58 алба хаагчийн орон тоотой байгуулах цалин, төсөв, хөрөнгийн зардлыг шийдвэрлээд байна.
Үүнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны харьяанд дээрх нэгжийг байгуулах шийдвэрийг гаргасан.
Засгийн газраас тогтоосон бүсэд Цагдаагийн байгууллагаас түүхий нүүрсийг нэвтрүүлэхгүй байх, худалдан борлуулах үйл ажиллагааг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр эргүүл, хяналт шалгалтыг зохион байгуулах, нутгийн захиргааны байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллана.
Иймд иргэн, аж ахуйн нэгж та бүхэн тогтоолын хэрэгжилтийг хангаж цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахыг уриалж байна.









