Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн талаар иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өглөө
Монголын Хуульчдын холбооноос жил бүрийн 5 дугаар сарын 01-ний өдрийг “ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР” болгон зарласан байна. Энэ өдрийг тохиолдуулан Улаанбаатар хот, 21 аймагт “Хуульчийн про боно өдөр-2019” өдөрлөгийг зохион байгуулж байна.
Энэхүү өдөрлөгөөр Монголын Хуульчдын холбооны бүтцийн байгууллага, гишүүдээс гадна Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хууль зүйн туслалцааны төв, Нотариатчдын танхим, өмгөөллийн нөхөрлөлүүд оролцож, үйл ажиллагаагаа танилцуулахын зэрэгцээ иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өглөө.
Сүхбаатарын талбайд зохион байгуулж буй өдөрлөгт Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын ТУБ Б.Баттогтох, Ч.Октябрь, Нийслэлийн татварын газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн ТУБ Б.Цогтбаатар, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн ТУБ Б.Даваагэрэл нар оролцож татвар төлөгчдөд татварын хуулиуд, НӨАТ-ын урамшуулал, Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт зэргээр зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаж байна.









