““Максима Консалтинг” компаний судалгаа үнэн эсэхэд эргэлзэх олон шалтгаантай гэв“
“ТВ5” телевизийн удирдлагууд медиа тандалт, ТВ рейтингийн судалгаа хийдэг “Максима Консалтинг” компанийн судалгаанд хамрагдахаас татгалзаж буй талаараа мэдээлэл хийлээ.
“ТВ5” телевизийн Ерөнхий редактор Ө.Отгонбаатар:
Монгол Улсаа хөгжүүлье уриатай ТВ5 телевиз “Максима Консалтинг” компаниас гаргадаг телевиз үзэлтийн судалгаанд өнөөдрөөс эхлэн хамрагдахгүй гэдгээ тус байгууллага болон судалгааг авч ашигладаг аж ахуйн нэгжүүдэд албан ёсоор мэдэгдэж байна.
Учир нь тус судалгааг үнэн эсэхэд нь эргэлздэг олон шалтгаан, үндэслэл байна. Тодруулбал, “Максима Консалтинг” компанийн судалгаа нь телевиз үзэгчдийн нэгдсэн судалгаа гэдэг мөртлөө Улаанбаатар хотын үзэгчдээс 100 айл өрхийг хамруулдаг. Гэтэл Монгол Улсын хүн ам, Улаанбаатар хотын хүн амтай харьцуулахад хамрагдаж буй хүний тоо нь бага юм. Дээрээс нь тус судалгаанд гэр хорооллын айл өрх хамрагддаггүй зөвхөн орон сууцны айл өрхүүд хамрагддаг.
Ер нь хэд хэдэн байгууллагууд тус компанитай зөрчилтэй асуудлууд байгаа юм билээ. "HD Монгол" телевиз хүртэл “Максима Консалтинг”-тай шүүхдэхээр болсон гэдгээ хэлж байсан” гэв.
“Максима Консалтинг” ХХК нь 2005 онд байгуулагдсан ба олон нийтийн санаа бодлын судалгаа, медиа тандалт, ТВ рейтингийн судалгааны төрлүүдээр дагнан ажилладаг мэргэжлийн судалгааны байгууллага юм.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|









