Б.АЛТАНГЭРЭЛ: Иргэд хариуцлагатай байж чадвал ЗАЛИЛАХ гэмт хэргийн тоо буурна

2019 оны 5 сарын 01

Arslan.mn

Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч Б.Алтангэрэлтэй ярилцлаа.

Залилан” аян улсын хэмжээнд явагдаж өнгөрлөө. Баянгол дүүргийн хувьд энэ аянд хэрхэн оролцов. Танай дүүрэгт энэ төрлийн гэмт хэргийн гаралт хэр байдаг вэ?

ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба, Урьдчилан сэргийлэх хэлтсээс зохион байгуулсан “Залилан” нэгдсэн арга хэмжээ улс орон даяар явагдаж өндөрлөлөө. Баянгол дүүргийн хувьд энэ аяны хүрээнд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэх зорилготойгоор иргэдэд сэрэмжлүүлэх мэдээ, мэдээлэл өгч ажиллалаа.

Баянгол дүүргийн хувьд энэ төрлийн гэмт хэргийн тоо нэмэгдэх хандлагатай байгааг тоон үзүүлэлтээс харж болно. 2018 оны оны 1-р улиралд 79 хэрэг үйлдэгдсэн бол энэ оны нэгдүгээр улиралд энэ тоо 185 болж өссөн. Зөвхөн дөрөвдүгээр сарын байдлаар Баянгол дүүрэг дээр 131 өргөдөл, гомдол хүлээн авч, 76 дээр нь хэрэг нээж шалгаж байна. Эдгээр хэргийн 35 буюу 50 орчим хувь нь дангаараа энэ төрлийн гэмт хэргийг эзэлж байна.

Танай дүүрэгт үйлдэгдэж байгаа энэ төрлийн гэмт хэргийг ангилвал ямар хэрэг давамгайлж гарч байна.

Үйлдэгдэж байгаа гэмт хэргийн дийлэнхийг виз гаргаж өгөх, хүүтэй мөнгө зээлэх, сүлжээний бизнес, хэн нэгний үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьж зээл авах, ломбарданд хуурамч эд зүйлс авах зэрэг энэ төрлийн гэмт хэргүүд эзэлж байна.

Иргэд сүүлийн үед БНСУ-руу виз гаргах материалыг хуурамчаар үйлдэж байна гэх болсон. Иргэдийн хувьд энэ төрлийн гэмт хэргээс хэрхэн сэргийлэх вэ?

Иргэд БНСУ-д зорчих виз мэдүүлэхийн тулд хэд хэдэн шалгуур үзүүлэлтийг хангасан байх ёстой. Иргэдийн хувьд “Виз найдвартай гаргана” гэсэн заруудад хандаж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болж байна. Монголд БНСУ-ын албан ёсны материал хүлээн авдаг 10 байгууллага бий. Иргэдэд хандаж хэлэхэд эдгээр 10 байгууллагаар л үйлчлүүлэх хэрэгтэй. Виз найдвартай гаргаж өгнө гэсэн хүний ард залилагч нар сууж байдаг гэдгийг ямагт санах хэрэгтэй.

Үүнээс гадна барьцаат зээлийн газар ажилтнаар орсон иргэн тухайн байгууллагын мөнгөн хөрөнгөн дээр хуурамч материал бүрдүүлж бусдаас авсан мэт болж бусдыг залилсан тохиолдол бүртгэгдээд байна. Иргэдийн өөрсдийнх нь хайхрамжгүй байдал, хялбар аргаар өөрийн ажлыг бүтээх, бэлэнчлэх сэтгэлгээ, хялбар аргаар мөнгө олох сэдэл нь энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох үндэс гэж харж байна.

Сүүлийн үед иргэд сүлжээний бизнесийн хохирогч болох нь элбэг байна. Танай дүүрэгт ч гэсэн энэ төрлийн гэмт хэргийн тоо өссөн гэж та хэллээ. Тэгвэл иргэд энэ төрлийн гэмт хэргээс хэрхэн сэрэмжлэх вэ, яавал хохирогч болохгүй байх вэ?

Ямар ч иргэн эдийн засгийн үр ашигтай үйл ажиллагаанд оролцох ёстой л доо. Гэхдээ иргэд эхлээд юунд хөрөнгө оруулалт хийх гэж байгаа вэ, үр өгөөж нь хэр бодитой юм бол гэсэн асуултын хариуг математик тооцооллоор гаргаад үзэх нь зөв болов уу. Үүнээс гадна сонирхоод байгаа бизнесийнхээ мэдээллийг бодитоор авч, сайн муу талыг харьцуулан харж байгаасай гэж бодож байна. Хуульчдаас зөвлөгөө авах, санхүүгийн мэдлэгээ дээшлүүлэх зэрэг олон аргаар “сүлжээний бизнес” нэрээр халхавч хийсэн пирамид тогтолцоотой луйврын гэмт хэргээс сэргийлж чадна.

Гэмт хэргийн хохирогч болж, эд материал, сэтгэл санаагаар хохирч байхаар эхлээд судалгаагаа сайн хийж, хуулийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжтэй танилцаж, түүнийгээ ойр дотныхоо хүмүүстэй хуваалцаж баймаар байна.

Энэ төрлийн залилангийн гэмт хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтаар зохицуулж өгсөн байдаг. Цагдаа, прокурорын байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол шүүх 5-12 жилийн хугацаагаар хорих ял оноодог. Иргэдэд дахин хэлэхэд та өөрөө хариуцлагатай байж чадвал энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохгүй байх бүрэн боломжтой.

-Ярилцсанд баярлалаа. 

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
2
602902
12 эможи

keyboard_arrow_up