Говь-Алтай аймагт 120 айлын орон сууцны ажил дуусжээ
Барилга, хот байгуулалтын яам иргэдийг орон сууцаар хангах, Түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэхэд анхаардаг.
Одоогийн байдлаар 1510 айлын түрээсийн орон сууц бий бөгөөд энэ жил 1542 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна. Түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэх чиглэлээр Улаанбаатар болон дөрвөн аймагт орон сууцны барилга баригдаж байгаагийн нэг нь Говь-Алтай аймаг юм. Хөгжлийн банкны санхүүжилтээр Говь-Алтай аймагт баригдсан 120 айлын орон сууцны барилга дуусаж, оршин суугчдаа хүлээн авахад бэлэн боллоо. Хоёр блок бүхий 40 автомашины зогсоолтой 120 айлын орон сууцны барилгын нээлт өчигдөр Алтай хотод болжээ.
Тус орон сууцны барилга нь Барилгын тухай хуулийг дагалдан гарсан дүрэм журам, барилгын норм дүрэм, стандартуудын шаардлагыг бүрэн хангаж баригдсан бөгөөд одоо улсын комисс хүлээн авахаар ажиллаж байна гэж БХБЯ-наас мэдээллээ.









