Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 102 жолоочийг илрүүлжээ
Тээврийн цагдаагийн алба өнгөрсөн амралтын өдрүүдэд 512 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 345 зөрчлийг шалгажээ. Ослын улмаас нийслэлд 24 хүн бэртсэн байна.
Тухайлбал, энэ сарын 27-ны 17.30 цагт Хан-Уул дүүргийн нутаг, Сонсголонгийн гүүрний замд "Sinotruk" маркын автомашины жолооч нь "H.Starex", "T.Pruis", "T.Ractis" зэрэг маркын 5 автомашинтай мөргөлдөж жолооч, зорчигч нарын 7 хүн гэмтжээ. Мөн энэ сарын 28-ны 20 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн нутаг, Телевизийн хуучин автобусны буудлын замд "Nissan Note" маркын автомашины жолооч нь 53 настай, 9 настай, 30 настай 3 хүнийг мөргөсөн зэрэг ослыг Тээврийн цагдаагийн алба шалгаж байна.
Замын цагдаа нар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 102 жолоочийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцов.









