Гэр бүлээрээ охид эмэгтэйчүүдийн биеийг хүчээр үнэлүүлдэг байсан этгээдүүдийн ялыг хэвээр үлдээлээ
Гэр бүлийн дөрвөн гишүүн хүн худалдаалах гэмт хэрэг үйлддэг байсныг Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас илрүүлэн өнгөрсөн онд дайчлан баривчилсан байдаг.
Улмаар тэднийг охидыг насанд хүрээгүй байхаас нь эхлэн хүчирхийлэлд байлгаж олон жилийн турш бэлгийн мөлжлөгт байлгаж биеийг нь үнэлүүлдэг байсан мөрдөн шалгалтаар нотлогдсон. Ийнхүү 2019 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс П.Загдсүрэнд 10 жилийн хорих ял, О.Дарханбаярт найман жилийн хорих ял, охин Ө.Дөлгөөнтуул, хүү Ө.Гарьдмагнай нарт таван жилийн хорих ял тус тус оногдуулсан бөгөөд нийслэлийн давж заалдах шатны шүүхээс ялыг нь хэвээр үлдээх шийдвэр гаргажээ.
Эдгээр этгээдийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн хоёр дэх хэсэгт заасан “Олон хүнийг худалдаалсан” үндэслэлээр шүүхэд шилжүүлж, хэргийг шийдвэрлэсэн ч гэмт этгээдүүд ялын жилийг бууруулах хүсэлтэйгээр давж заалдах шатны шүүхт хандсан аж.









