Хуучин музей болгоныг НУРААГААД байж болохгүй
Хотын төвийн байршилтай ашиглалтын шаардлага хангахаа больсон музейнүүдээ төрийн өмчийн газар руу шилжүүлээд дуудлага худалдаанд оруулаад олсон санхүүжилтээрээ шинэ музейн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх боломжийг бид судалж байна хэмээн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийх үеэр дурдсан билээ. Тэгвэл үүнтэй холбогдуулан олон хүн сайдын хэлсэн үгэнд эмзэглэж байгаагаа илэрхийлж байна.
Монголын түүхэн өв уламжлалаа хадгалсан түүхэн барилга байгууламжаа авч үлдэх сэргээн засварлах хэрэгтэй байна. Магадгүй тухайн барилгын хийц загвар нь хоцрогдсон, ард түмэнд үйлчлэх үйлчилгээний цар хэмжээ нь багассан байж болно. Гэхдээ түүхэн барилгын дүр хэлбэр, хийцийг алдагдуулахгүйгээр хадгалах, засварлаж болно шүү дээ. Хуучин барилга болгоныг л нураагаад байж болохгүй. Тодорхой хэмжээнд засварлан шинэчилж, ард түмэн бахархаж байх ёстой гэж үзэх ч хүн их байна.
Мөн энэ асуудлаар Монголын Архитекторуудын эвлэл мэдэгдэл гаргасан. Уг мэдэгдэлд Монголын уран барилгын сор болсон, нүүдэлчин зохион бүтээгчдийн оюун санаа, сэтгэлгээний тусгал болсон онцгой содон дурсгалт барилгыг устгаж, хотын орон зайн энэхэн орчны өнгө төрхийг алдагдуулах үйл ажиллагааг дэмжигч, хошуучлан зохион байгуулагч болж байгаагаа ойлгож, түүх соёлоо устгах шийдвэр гаргахгүй байхыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгээс шаардаж буйгаа илэрхийлсэн.
Аливаа ард түмний оюун санааны хөгжил, урлах эрдэм дүрслэх урлаг баримлаар илрэхээс гадна архитекторуудын байгуулсан барилгаар дамжин илэрхийлэгддэг. Өөрөөр хэлбэл архитектурын бүтээл бол урлаг. Гэтэл монголчууд урлаг гэж ойлгохгүй байшин барилга л гэж өрөөсгөл ойлгодог. Тиймээс энэ асуудалд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг бодлоготой хандах биз ээ.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|









