Монгол Улсын иргэнийг АНУ-ын хил дээр түр саатуулсан тохиолдол гарчээ
АНУ-ын Элчин сайдын яамнаас тус улсыг зорьж буй иргэдэд хандан зөвлөмж гаргажээ.
ИРГЭДИЙН АНХААРАЛД:
Сунгалттай паспорттой орж ирсэн монгол иргэнийг АНУ-ын хил дээр түр саатуулсан тохиолдол гарсан тул АНУ-ыг зорин ирэх хамаатан садан, төрөл төрөгсдөдөө сунгалтгүй паспортоор эсхүл шинээр гадаад паспорт авч, АНУ-ын визэнд орохыг зөвлөнө үү.
2018 оны 1 дүгээр сараас эхлэн Засгийн газрын тогтоолын дагуу гадаад паспортын хугацааг сунгахгүй байгаа бөгөөд шинэ гадаад паспортыг 10 жилийн хугацаатай олгож байна. Иймд Та бүхэнд сунгалттай гадаад паспортаа солиулж, шинээр гадаад паспорт авч хилийн чанадад зорчихыг зөвлөж байна.
Гадаад паспортын хүчин төгөлдөр хугацаа доод тал нь 6 сар байх ёстой бөгөөд энэ шаардлагыг хангаагүй бол аливаа авиа компани онгоцонд суухыг зөвшөөрдөггүйг мөн анхаарна уу.
Иргэн Та гадаад паспортынхаа хүчин төгөлдөр хугацааг байнга шалгаж байхыг хүсье.
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
АНУ-д зорчих гэж буй иргэн таньд ЭСЯ-ын зүгээс дараах зүйлсийг зөвлөж байна.
- Гадаад паспортын хүчинтэй хугацаагаа шалгах (зорчиж ирснээс хойш доод тал нь 6 сар хүртэл хугацаанд хүчинтэй байх);
- Аялалын хоёр талын тийз бичүүлсэн байх;
- АНУ-ын ЭСЯ-наас олгосон визийн ангилалыг зөрчихгүй байх, аялалын зорилгын хүрээнд зорчих, (Хэрэв та урьд нь визийн ангилал зөрчсөн, аялалын хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хилээр дахин нэвтрэхэд визийн зөрчил гаргасан үндэслэлээр хил нэвтрэх боломжгүй болохыг анхаарна уу.)
- АНУ-ын хилийн шалган нэвтрүүлэх боомт дээр Хил, гаалийн хамгаалалтын албаны байцаагч тус улс руу нэвтрэх болон ямар хугацаагаар байх зөвшөөрлийг олгодог тул аялалын зорилго, байх хугацаа, хүлээж авах байгууллага, хувь хүний урилга бусад шаардлагатай бичиг баримтыг биедээ авч явах;
- АНУ-д байх хугацааны мэдээллээ нягтлан шалгаж, суугаа улсын хууль тогтоомж, дүрэм журмыг нь сахиж мөрдөх;
- Та АНУ-ын хилээр нэвтэрсний дараа тус улсад байх хүчинтэй хугацаагаа паспортын мэдээллээ ашиглан Хил, гаалийн хамгаалалтын албаны дараах цахим хаягаар орж шалгана уу. https://i94.cbp.dhs.gov/I94/request.html
- (I-94 маягт нь АНУ-ын хилээр орох болон гарах мэдээллийг агуулсан Хил, гаалийн хамгаалалтын албаны бүртгэлийн бичиг баримт юм. АНУ-ын агаарын болон усан хилээр нэвтэрч байгаагаас хамааран I-94 нь цаасан буюу электрон хэлбэртэй байж болно.)
- Хилээр нэтрүүлэхийг хориглосон эд зүйлс, бараа, бүтээгдэхүүнийг, тухайлбал амьтны гаралтай махан бүрээгдэхүүн, жимс, ногоо, ургамлын үр, галт зэвсэг, тэсрэх бодис зэрэг бараа, бүтээгдэхүүнийг биедээ болон ачаа тээшиндээ авч явахгүй байх;
- Гаалийн мэдүүлгийн маягтыг татаж үзэх: http://www.immihelp.com/immigration/sample-us-customs-declaration-form-6059b.pdf
- Хилээр нэвтрүүлэхэд тодорхой хязгаарлалт тавьдаг эд зүйлс, бараа, бүтээгдэхүүнийг зөвшөөрсөн тоо, хэмжээнээс их хэмжээгээр авчирах тохиолдолд татвар, хураамж ногдуулдаг тул зорчихдоо энэ талаарх мэдээллийг сайтар авсан байх. Тухайлбал, хилээр согтууруулах төрлийн ундаа (архи, дарс, ликёр) 1 литр (21 насанд хүрээгүй зорчигчид согтууруулах ундаа нэвтрүүлэхийг зөвшөөрдөггүй), янжуур тамхи 200 ширхэг, сигар, навчин тамхи 100 ширхэг байхыг зөвшөөрдөг. Зорчигчийн хувийн хэрэглээний эм авч явах бол эмийн сав боодол, эмчийн жор, тодорхойлолтыг үзүүлэх шаардлагатай (мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, судсаар сэлбэх шингэн зэрэг эмийг хилээр нэвтрүүлэхийг завдсан бол эмийг хураан авахаас гадна торгууль ногдуулах зэрэг арга хэмжээ авдаг);
- Мөн хилээр 10,000-аас дээш ам.доллар бэлнээр, эсхүл түүнтэй тэнцэх бусад мөнгөн тэмдэгт (personal or cashier’s check, traveler’s checks, money orders, stocks, bonds) авч яваа бол энэ талаар гаалийн мэдүүлэгт заавал мэдүүлэх; (Хэрэв гаалийн мэдүүлэгт мэдүүлээгүй бол гаалийн хууль тогтоомж зөрчсөн гэж үзэн таны мөнгийг хураах болохыг анхааруулж байна.)
- Гадаад орнуудад зорчих иргэд анхаарал болгоомжтой байх, хүний наймаа, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж, хэн нэгний гуйлт, ятгалгаар бусдын ачаа тээш, эд зүйлс авч явахгүй байх;
- Гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урдьчилан сэргийлэх, суугаа орныхоо хууль тогтоомжийг судлан дагаж мөрдөх, ёс заншилд хүндэтгэлтэй хандах,
- Монголчуудын холбоодынхоо арга хэмжээнд идэвхитэй оролцох, зохион байгуулагдаж буй үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, Монголчууд нэг нэгэндээ тусалж дэмжиж байх,
- Гадаад паспортын хүчинтэй хугацаа шалгаж байх, хугацаа нь дууссан бол цаг тухайд нь сунгуулах,
Хэрэв та АНУ-д 6 сараас дээш хугацаагаар байх бол ойр байрлах Вашингтон хот дахь ЭСЯ, Нью-Йорк дахь БТГ, эсхүл Сан Франциско дахь ЕКГ-ын аль нэгэнд бүртгүүлнэ үү.
АНУ-д зорчихдоо анхаарах зүйлсийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах цахим хуудсаас үзнэ үү.
Төрийн Департамент: http://travel.state.gov/
АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яам: http://www.dhs.gov/
АНУ-ын Хил, гаалийн хамгаалалтын алба: http://www.cbp.gov/
АНУ-ын Иргэншил, цагаачлалын алба: http://www.uscis.gov/
АНУ-ын Конгрессийн ордонтой танилцах, Капитолын аялал хийх захиалга өгөх: http://tours.visitthecapitol.gov/
Гадаад харилцааны яамны Консулын газрын цахим хуудсаас мэдээлэл авах бол доорх хаягаар орно уу.
Консулын газар http://www.consuls.net/









