ШИНЭ ТӨСӨЛ: Арьс ширний сургалт, судалгаа инновацийн төв байгуулна
Европын холбооны Erasmus + хөтөлбөрийн санхүүжилтээр “Establishment of Leather Hubs in Russia and Mongolia” буюу “Арьс ширний сургалт, судалгаа инновацийн төв байгуулах” төсөл 2019 оны 01 сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Төслийг Монгол улсын ХААИС, ШУТИС, Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, ОХУ-ын Улан-Үдэ хотын Дорнод Сибрийн технологи удирдлагын их сургууль, Бурядын ХАА-н Академи болон Худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран хэрэгжүүлж байна.
Төсөл нь арьс ширний салбарын R&D буюу судалгаа хөгжүүлэлтийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, инноваци дамжуулах замаар үйлдвэр болон их дээд сургуулиудын хооронд гүүр болох зорилготой аж.
Төслийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд Монгол улсад -2, ОХУ-д 2, нийт 4 сургалт, судалгаа – инновацийн төв LeatHub байгуулах юм байна.
“LeatHub” –төвийн үүрэг нь:
- Насан туршийн боловсрол олгох сургалтын хөтөлбөрийг хөгжүүлэх;
- Сургалт явуулах;
- Судалгаа боловсруулалтын ажлын үр дүн нэвтрүүлэлтийг дэмжих;
- Европын их сургууль, судалгааны хүрээлэнгээс дэвшилтэт технологи, дахин инженерчлэл, инноваци, мэдлэгийг дамжуулах;
- Сургууль, орон нутгийн үйлдвэр хоорондын зохицуулагч бүс нутгийн өртгийн сүлжээ бий болгох ажлыг дэмжих, ур чадварыг дээшлүүлэх, технологи дамжуулах;
- Орон нутгийн этгээдийг олон улсын зах зээлд гаргах үйл ажиллагааг зохицуулагч глобал өртгийн сүлжээг бий болгох ажлыг дэмжих юм.
Дашрамд дурдахад “LeatHub” төв нь шаардлагатай тоног төхөөрөмжүүд, европын орны эрдэмтэн, судлаачдын инноваци, бизнесийн туршлагын талаархи мэдээллийн сан, веб платформоор хангагдах юм байна.









