Автомашины азын дугаараар бизнес хийдэг төрийн албан хаагчдыг таслан зогсооно
Азын дугаар гэх сонин ойлголт зөвхөн Монголд байдаг. Гадаадынхан бол гар утас, унаа машин, гэрийн хаалганы дугаар хэд байхыг төдий л тоодоггүй. Гэтэл монголчууд тооны бэлгэдлийг тооцож, аль болох азын дугаар, эс бөгөөс ард урдаасаа адилхан уншигддаг байх, үгүйлээ л төрсөн он, сар өдөртэйгээ ижилсгэхийг хүсдэг. Үүнийг ч дагаад автомашины азын дугаар бизнес болоод удаж буй. Энэхүү ажлыг цэгцлэхээр Автотээврийн үндэсний төв рүү чиглэсэн ажлыг АТГ эхлүүлсэн байна.
Энэ ажлын хүрээнд өнөөдөр эхний ээлжийн хэлэлцүүлэгийг АТҮТ-д зохион байгуулж байна.
Ингэхдээ шан харамж авдаг гэх мэтээр иргэд АТГ-т гомдол ирүүлж байгаа ажээ. Журмаараа бол автомашины улсын дугаар бол улсын өмч учраас хоорондоо наймаалцах, худалдах нь хууль бус үйлдэл юм. Тиймээс азын дугаараар бизнес хийж халаасаа түнтийлгэж байгаа төрийн албан хаагчдыг таслан зогсоохоор АТГ ажиллаж буй.
Шалгалтын явцад ЗТХЯ-ны болон АТҮТ-ийн ажилтнууд улсын дугаарыг 1.6 сая төгрөгөөр зарсан, 3333, 7774, 8886 гэх зэрэг дугааруудыг 7-12 удаа шилжүүлсэн тохиолдол ч гарсан байна. Жишээлбэл ижил тоонууд бүхий автомашины дугаар 20 сая хүртэл үнэ хүрдэг аж.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|









