Г.Арсланхуяг: Фэйсбүүк гэмт хэрэг үйлдэх хэрэгсэл болсон тул тус компани Монголд төлөөлөгчийн газраа нээх ёстой
“Нийгмийн сүлжээ ба зохистой хэрэглээ” сэдэвт хурал Блү Скай зочид буудалд болж байна. ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Арсланхуяг хуралд оролцож, мэдээлэл өгөв. Тэрээр Монголчуудын хамгийн өргөн хэрэглэж буй фэйсбүүк хэдийнэ гэмт хэрэг үйлдэх хэрэгсэл болсныг анхаарууллаа. Учир нь гэмт хэрэгтнүүд цахим орчинд бусдын зургийг ашиглан хуурамч хаяг үүсгэх, худлаа мэдээлэл түгээх, хүүхдийг садар самуунд уруу татах, зүй бус бичлэг тараах, бусдыг гүтгэх, доромжлох хэргүүдийг үйлддэг байна.
Өнгөрсөн хугацаанд тус хэлтсээс 25 группийг хаалгах хүсэлтээ Фэйсбүүк компанид тавихад 21-ийг нь хаажээ. Хэдийгээр Монгол хүн ам цөөнтэй улс боловч нэг өдөрт фэйсбүүкт зарцуулж буй хугацаа нь их, хэрэглэгч олонтой зэргийг харгалзан Монголд төлөөлөгчийн газар нээх шаардлагатай. Хэрэглэгчийн үнэлгээний судалгаа хийх ёстой гэв. Харин АНУ-д төвтэй, Фэйсбүүк компаниас одоогоор Монголд төлөөлөгчийн газар нээх төлөвлөгөөгүй гэж хариулдаг байна.
Уг нь 13 нас хүрсэн хүүхэд энэ сүлжээний хэрэглэгч болох ёстой.
Г.Арсланхуяг дарга АНУ-д ажиллах хугацаандаа биеэ үнэлэхийг уриалан дуудсан агуулга бүхий бичлэгийг хувийн фэйсбүүк хаягаасаа оруулах гэж оролдон, туршилт явуулжээ. Тус улс дахь хууль тогтоомж илүү тодорхой нарийн, контентийн шүүлтүүрийг ягштал мөрддөг тул бичлэг оруулах боломжгүй байсан байна. Харин Монголд яг адилхан бичлэг ашиглан туршихад хэдий хууль бус бичлэг байсан ч шууд түгээх боломж нээлттэй байжээ.
Тэгэхээр Фэйсбүүк компанийн улс бүрт мөрдөж буй бодлого чухал гэдгийг Г.Арсланхуяг дарга онцлов. Тус компанийн Монголыг хариуцсан газарт нэг л монгол хүн ажилладаг, тэр хүн хаштаг ашиглан, хууль бус контентод хяналт тавьж байгаа ч хангалтгүй. Иймд Цагдаагийн ерөнхий газарт зохих эрхийг шилжүүлбэл зүй бус контентийг өөрсдөө хянах, устгах боломжтойг анхаарууллаа.
Эх сурвалж: gogo.mn
|









