Гал түймрийн улмаас 288 хүн амиа алдсаны 101 нь бага насны хүүхэд байна
Монгол Улсад сүүлийн таван жилийн хугацаанд гал түймрийн улмаас 288 хүн өртөж амь насаа алдсанаас, 101 буюу 35,1 хувь нь бага насны хүүхэд , түлэгдэж бэртсэн 199 хүний 54 нь хүүхэд байна. Мөн энэ хугацаанд 19,955 удаагийн гал түймэр гарч төр, аж ахуйн нэгж, иргэдэд 59,5 тэрбум төгрөгийн хохирол шууд учирчээ.
“Гал түймрийн гамшгийн хохирлыг бууруулахад бүх нийтийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд үргэлжилж байна. Тус хэлэлцүүлэгт ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал “Гал түймрийн нөхцөл байдал, анхаарах зарим асуудал” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
Илтгэлд дурьдагдсан зарим нэг тоо баримтаас үзвэл, НҮБ-ын дэргэдэх Галын статистикийн төвөөс ХХI зууны эхний 10 жилд улс орнуудад гарсан гал түймрийн нөхцөл байдалд хийсэн дүгнэлтээс үзэхэд дэлхийн байгаль цаг уурын дулаарал, техник, технологийн хөгжил, хүн амын өсөлтөөс шалтгаалан гал түймрийн тоо, хохирол жил тутам харьцангуй өсөж байгааг тэмдэглэсэн байна.
Харин 2019 он гарсаар эхний гурван сарын байдлаар 1234 удаагийн ахуйн гал түймэр гарч, гал түймэрт 19 иргэн өртөж амь насаа алдсаны 7 нь хүүхэд, 8 иргэн түлэгдэж, гэмтсэний 2 нь бага насны хүүхэд байгаа юм.
Гал түймрийн шалтгаан нөхцлийг авч үзэхэд;
- 55 хувь нь ил задгай асгасан үнс нурам, пийшин зуух, яндангийн цонолтоос,
- 19,7 хувь нь цахилгаан,
- 5 хувь нь автомашин техникийн гэмтэл, ашиглалтын буруутай үйл ажиллагаанаас,
- 4,1 хувь нь архидан согтуурснаас болж тус тус гарсан байна.
Түүнчлэн сүүлийн таван жилийн хугацаанд 1075 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч, байгаль, экологи, эд материалд 203.1 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Түймрийн улмаас 8 иргэн амь насаа алдан, нийт 13,8 сая га хээр, 0.22 сая га ойн сан өртөж шатсан байна.
Он гарсаар нийслэл Улаанбаатар хот, Булган, Дорнод, Дорноговь, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв аймгийн 10 суманд нийт 10 удаагийн ой, хээрийн түймэр гарч, урьдчилсан байдлаар 24.2 га ой, 1476.8 га хээр, нийт 1495.3 га талбай түймэрт өртсөн байна.
Эх сурвалж: ОБЕГ









