ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: ЦЕГ

2019 оны 3 сарын 17

Өнгөрөгч долоо хоногт /2019.03.11-2019.03.17/  Цагдаагийн байгууллагаас олон нийт рүү чиглэсэн ОНЦЛОХ үйл явдлыг тоймлон хүргэж байна. 

Улсын хэмжээнд "1 ХОРОМ ХӨДӨЛГӨӨН" зохион байгуулагдаж байна

Arslan.mn

Цагдаагийн байгууллага “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийг бууруулах зорилгоор "Нэг хором" аяныг энэ сард өрнүүлж байгаа. Аян нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шалтгаан нөхцөлийг арилгах, иргэд, олон нийтийн оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх” зорилготой. "Шийтгэх, баривчлах, албадлага хэрэглэх нь цагдаагийн тэмүүлэл биш. Шудрага ёсыг эрхэмлэж, хүмүүнлэг, ардчилсан нийгмийн үнэт зүйл, хууль сахин биелүүлэхийг таниулах замаар иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь цагдаагийн чин эрмэлзэл мөн" хэмээн тунхагласан. Энэ хүрээнд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор "ОЙЛГОЛЦОХ 1 ХОРОМ" хөдөлгөөнийг орон даяар зохион байгуулж байна.  ЦЕГ-аас хийсэн судалгаагаар сүүлийн таван жилийн хугацаанд нийт гэмт хэргийн 25-30 хувийг Хүний эрүүл мэндийг халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг эзэлсэн байна. Тэр дундаа гуравдугаар сард энэ төрлийн гэмт хэргийн гаралт хамгийн өндөр байдаг байна. Энэ нь гуравдугаар сард олон баяр, тэмдэглэлт өдөр болдогтой холбоотой аж. “Нэг хором” аяны хүрээнд өнгөрөгч долоо хоногт Үндэсний батлан хамгаалах их сургуулийн 300 гаруй сонсогч, оюутнуудад “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийн ойлголт, түүнээс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулж, аяны талаар мэдээлэл хийлээ. Цагдаагийн байгууллаас дээрх аяны хүрээнд нийгэмд байгаа уур бухимдал стрессээ барьж сурах, хүнтэй эвтэй, харилцаа хандлагаа өөрчлөх, цаашилбал дээрх гэмт хэргийн хор уршгийг залуучуудад таниулах ажлыг зохион байгуулж байгаа юм.

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газраас "Шилдэг тохижилттой хэсгийн байр" шалгаруулж дүнгээ гаргалаа

Arslan.mn

Өмнөговь аймаг дахь цагдаагийн газраас цагдаагийн байгууллагынхаа түүхт 80 жилийн ойг тохиолдуулан, цагдаагийн алба хаагчийн ажиллах нөхцлийг дээшлүүлэх зорилгоор сумдын хэсгийн төлөөлөгч нарын дунд “ШИЛДЭГ ТОХИЖИЛТТОЙ АЖЛЫН БАЙР” уралдааныг 1 сарын хугацаатай зарлаж дүгнэлээ. Уралдаанд Сэврэй сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Баттулга тэргүүн байр, Булган сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч М.Сугирхүү дэд байр , Баяндалай сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Ганболд 3-р байранд тус тус шалгарч, УАЗ фургон маркийн автомашинаар шагнууллаа. УАЗ фургон автомашиныг орон нутгийн хөрөнгө оруулалтаар тус Цагдаагийн газарт шийдвэрлэж өгснийг сум орон нутагт ийнхүү хуваарилж, цагдаагийн албаны шуурхай бэлэн байдлыг хангахад ашиглан ажиллаж байна. 

Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газраас "Иргэн тантай хамт" өдөрлөгийг сумдад зохион байгууллаа 

Arslan.mn

Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2019 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Иргэн тантай хамт” өдөрлөгийн арга хэмжээг 19 сум, 9 багт ажиллах ажлын хэсгийг Цагдаагийн газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/11 дүгээр тушаалаар томилж, говийн болон хангайн 16 суманд ажиллаа.  Энэ үйл ажиллагааны  хүрээнд “Цагдаагийн газарт 2018 онд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн мэдээлэл”, “Тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцоо”, “Гэр бүлийн хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх нь”, “Малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх”, “Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь”, “Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах” сэдэвт 16 удаагийн 48 цагийн сургалтыг зохион байгуулж, сумдын 2400 иргэдийг хамруулсан.  Мөн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцон хамтран ажиллаж байгаа 16 иргэнийг Цагдаагийн газрын даргын “Талархал”, мөнгөн шагналаар шагналаа. 

49 удаа хутгалуулан амиа алдсан хэргийг 20 жилийн дараа илрүүллээ

Arslan.mnЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 2018 онд тус алба нийт хэчнээн хэрэг дээр ажилласан, хэдийг нь прокурорт шилжүүлсэн тоон мэдээллийг танилцуулав. Хэвлэлийн хурлаар Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал "Гэмт хэргийн улмаас иргэдэд 488,7 тэрбум төгрөгийн хохирлын 48 хувийг нөхөн төлүүлсэн бол 2019 оны эхний улирлын байдлаар гэмт хэргийн шинжтэй 4069 гомдол мэдээг хүлээн авч шалгаснаас 3787 гомдол буюу 93 хувийг шийдюэрлээд байна. Хэрэг бүртгэлийн 8084 хэргийг хүлээн авсан. Үүнээс 1938 буюу 23,9 хувийг эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, нийт 3417 хэрэг буюу 47,2 хувийг шийдвэрлэж, бусад хэргүүд шалгагдаж байна. Бид хорин жилийн өмнө үйлдэгдсэн, 49 удаа хутгалан, хүний аминд хүрсэн хэргийг 20 жилийн дараа илрүүлсэн. Уг хэргийг 18 настай иргэн үйлдсэн" гэлээ. 

"Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд тулгамдаж буй асуудал" сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Arslan.mn

Контент бүтээгч, уран бүтээлчдэд зохиогчийн эрхтэй холбоотой ямар зөрчил, асуудал тулгарч буйг хэлэлцэж, цаашид энэ төрлийн гэмт хэргийн хяналт, зохицуулалтыг сайжруулах зорилготой "Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд тулгамдаж буй асуудал" сэдэвт хэлэлцүүлгийг Цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт Оюуны өмчийн газар, Цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, соёл урлагийн салбарынхан болоод контент бүтээгчид оролцож, хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт оролцогчид оюуны өмч, зохиогчийн эрх зөрчсөнтэй холбоотой зөрчлүүд улам бүр нэмэгдэж байгаа бөгөөд гарч буй зөрчлүүдийн дийлэнх нь цахим орчин, нийгмийн сүлжээнд үйлдэгдэх болсныг онцолж байлаа. Манай улсад зохиогчийн эрх, оюуны өмчтэй холбоотой, 50 сая төгрөг хүртэлх хохирол учруулсан зөрчлийг Оюуны Өмчийн газар Зөрчлийн тухай хуулийн 8.3, 8.4, 8.5-дзааснаар торгууль ногдуулан хянан шийдвэрлэдэг байна. Харин 50 сая төгрөгөөс дээш хэмжээний хохирол учруулсан тохиолдолд гэмт хэрэгт тооцон, Эрүүгийн гэмт хэргийн албанд шалгагддаг хуулийн зохицуулалттай.

М.Мөнхшүр: Энэ оны эхний хоёр сарын дотор хар тамхины хэрэгт 88 хүн холбогдсон

Arslan.mnЦЕГ хар тамхины хэрэгтэй холбоотой мэдээллийг 2016 оноос мэдээллийн санд нэгтгэдэг болсон. Одоогоор энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон 1,500 орчим хүн уг санд бүртгэгдсэн гэх мэдээлэл бий. Үүнээс үзэхэд Монголд хар тамхины хэрэглээ аль хэдийн хавтгайрсан нь илт байна. Хар тамхины хэргийн өнөөгийн нөхцөл байдал, үүнтэй хэрхэн тэмцэж буй талаар ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, ахмад М.Мөнхшүртэй ярилцлаа. Тэрээр ярилцлагандаа "...2018 онд 199 хэрэгт 412 хүнийг холбогдуулан шалгасан. Үүнээс 337 эрэгтэй 75 эмэгтэй хүн байсан. Харин он гарсаар эхний хоёр сарын дотор хар тамхины 29 хэрэгт 88 хүн холбогдсон. Мансууруулах бодис хэрэглэж байгаа хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Хар тамхийг хэрэглэхийн сацуу зарж борлуулбал их хэмжээний мөнгөтэй болно гэх ташаа ойлголт нийгэмд бий болчихсон. Бидний зүгээс нийгэмд хар тамхины талаар ухуулга сурталчилгааны ажлыг өргөн хүрээтэйгээр зохион байгуулдаг. Үүнийг хоёроос дээш удаа хэрэглэсэн хүн цаашдаа донтох хэлбэрт шилждэг. Хар тамхинд донтсон этгээдийг шүүхийн захирамжаар албадан эмчлэх гэх мэт арга хэмжээг хэрэгжүүлж байна..." хэмээлээ. 

Тээврийн шалгалтыг зургаан дүүрэгт зэрэг эхлүүллээ

Arslan.mn

Тээврийн цагдаагийн алба, Авто тээврийн үндэсний төв, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хамтран Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд тавих хяналт шалгалтыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна. Бүтэн сарын турш үргэлжлэх энэхүү аян авто зам дээр жолоо мушгиж буй хүн бүрт хамаатай. 2019 оны үзлэг оношлогоонд орчихсон ч бүрэн бус тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байх тохиолдол байдаг. Ийм зөрчил илэрвэл тухайн тээврийн хэрэгслийг хураах хүртэл арга хэмжээ авна. Ингээд “Авто тээврийн үндэсний төв” рүү шилжүүлээд тухайн зөрчлийг арилгуулсны дараа дахин оношлогоонд оруулна. Иргэд бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож байгаа бол Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу арга хэмжээ авна. Мөн бичиг баримтыг нь “Авто тээврийн үндэсний төв”-д шилжүүлнэ. Ер нь бол тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангуулах, хөдөлгөөнд бүрэн бүтэн тээврийн хэрэгсэлтэй оролцдог болгоход жолооч нарыг уриалсан арга хэмжээ юм байна. 

Тээврийн цагдаагийн албаны алба хаагчид бөөрний үзлэгт хамрагдлаа

Arslan.mn

Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгээс “Бөөр хамгаалах дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан Тээврийн цагдаагийн албанд эрүүл мэндийн өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд Цахиур төмөр ХХК-тай хамтран алба хаагчдын бөөрний үйл ажиллагааг шээсний шинжилгээний анализатори болон хурдавчилсан оношлуураар шууд тодорхойлон 14 үзүүлэлтээр дүгнэлт гаргаж, цаашлаад дүгнэлтээс хамааран нарийн мэргэжлийн шинжилгээ хийх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүллээ. Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хийгддэг урьдчилан сэргийлэх үзлэг болон үзлэгийн тэмдэглэл, үр дүнгээс харахад замын цагдаагийн алба хаагчдын бөөрний өвчлөлийн үзүүлэлт бусад төрийн тусгай алба хаагчдаас өндөр байдаг талаар эмч нар хэллээ. Энэ өдөрлөг нь алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны нэг хэсэг бөгөөд цаашид алба хаагч бүрийг эрүүл мэндийн багц шинжилгээнд хамруулан шат дараалсан арга хэмжээг авч ажиллах юм. 

“Нийтийн тээвэрт үйлдэгдэж байгаа халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт зөвлөгөөн боллоо

Arslan.mnИргэдийн аюулгүй тайван зорчих эрхийг хангах, нийтийн тээвэрт үйлдэгдэж байгаа халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, нийтийн тээвэрт үйлдэгдэж байгаа гэмт хэргийн гаралтыг бууруулах, нийтийн тээврийн хяналтын камерыг бүрэн ажиллагаанд оруулах зэрэг асуудлаар “Нийтийн тээвэрт үйлдэгдэж байгаа халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт зөвлөгөөнийг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс 2019 оны 03-р сарын 13-ны өдөр Нийслэлийн цагдаагийн газрын хурлын зааланд зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд Нийслэлийн тээврийн газар, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, Улаанбаатар смарт карт ХХК-ны захирлууд оролцож8 нийтийн тээвэрт үйлдэгдэж байгаа халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг том оврын автобуснуудын хяналтын камерыг бүрэн ажиллагаанд оруулах чиглэлээр санал солилцсон юм.

Прокуророос Эрдэнэтийн 49 хувийн асуудлаар дөрвөн хүнийг яллагдагчаар татах хариу ирээгүй байна

Arslan.mnАТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой хэргийг шалгаж буй. Энэ хэрэгтэй холбогдуулан ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон, Монголын зэс корпораци ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, Сингапур улсад бүртгэлтэй “Канетик” компанийг удирдаж байсан Г.Хүрэлбаатар нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг энэ сарын 6-ны өдөр прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Нийслэлийн Прокурорын газраас энэ талаар шийдвэр гараагүй хэмээн ЦЕГ-ын Хэвлэл, Мэдээллийн төвийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү тодруулга өглөө. 

Ерөө голын голдиролд хууль бусаар ашигт малтмал олборлож байсныг зогсоолоо

Arslan.mn

Ерөө голын голдиролд буюу доторх мөсийг нь цөмлөн хууль бусаар ашигт малтмал олборлож байжээ. Тодруулбал, иргэдийн мэдээллийн дагуу Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Тагнуулын газартай хамтран гуравдугаар сарын 5-ны өдөр Ерөө сумын гуравдугаар багийн нутаг, Бугант тосгоны нутагт Улаан хясаа гэх газарт нэр бүхий иргэд Ерөө голын голдирол дотор мөс цөмлөн хууль бусаар ашигт малтмал олборлолт явуулж байсан зөрчлийг илрүүлж хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байна. 

Цагдаагийн алба хаагчдын ээжүүдийн сургаалиар бүтсэн ном хэвлэгдэн гарлаа

Arslan.mn

Дэлхийн мисс-2018 тэмцээний оролцогч, “Энхрий эрдэнэ сан”-гийн тэргүүн Э.Энхриймаа “Хатан ухаант ээжүүдийн сургаал” номынхоо шинэ цувралыг  монгол цагдаа нарынхаа ээжүүдийн сургаалиар бүтээж, дээжийг нь Мөрдөн байцаах албаны удирдлагууд, алба хаагч нарт гардууллаа.  Тус сангийн тэргүүн Э.Энхриймаа: “Монгол эхчүүдийн сургаал,  зөвлөмжийг олон нийт тэр дундаа  залуу эцэг эхчүүд маань сургамж  болгон аваасай. Энэ номд олон эхийн нандин сургаал үгс, итгэл, сэтгэл, хайр шингэсэн болохоор айл бүрт, иргэн бүрт аз жаргалыг бэлэглэх ид шидийн судар байгаасай гэж би хүсэж байна. Ингээд таны төрүүлж, зүйтэй үгсээрээ сурган  хүмүүжүүлссэн баатарлаг  хөвгүүд, охидын хүч чадал, мэдлэг боловсрол, эр зориг сэтгэл  зүтгэлээр  өнөөдөр  Монгол улсын  амар тайван амьдарч байна.  Эх орныхоо энх амгалангийн төлөө эрэлхэг зоригтой иргэнийг бэлтгэж өгсөн  цагдаагийн ээж та нартаа дахин талархаж Монгол улс тайван амьдарч байна. Цагдаагийн алба хаагчийн ээжүүдэд талархал илэрхийлж мэхийн ёслоё” гэлээ.

“Үйлдвэрлэлийн дадлага зохион байгуулах тухай” хамтарсан тушаалын хэрэгжилтийг  хангаж ажиллааа

Arslan.mn

Мөрдөн байцаах албанаас Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, Хууль сахиулахын их сургуулийн захирлын “Үйлдвэрлэлийн дадлага зохион байгуулах тухай” хамтарсан тушаалын хэрэгжилтийг  хангаж ажиллажээ. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын чиглэлээр үйлдвэрлэлийн дадлага хийсэн сонсогчдын тайланг хамгаалуулах ажлыг алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын мөрдөн байцаах хэлтэс, тасаг, хэсгийн алба хаагч нарыг хамруулан анх удаа цахим хэлбэрээр  Мөрдөн байцаах албаны төв байрны хурлын зааланд Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуультай хамтран зохион явууллаа. Тус албаны даргын тушаалаар үйлдвэрлэлийн дадлагыг сайн зохион байгуулж, удирдсан 4 алба хаагчийн албан тушаалын цалинг нэмж, хангалтгүй зохион байгуулсан 3 алба хаагчид сахилгын арга хэмжээг тус тус ногдуулсан гэж Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас мэдээлэв.

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газраас "Урлагийн бага наадам-2019"  амжилттай зохион байгууллаа 

Arslan.mn

Хархорин сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс, Хужирт сум дахь Цагдаагийн тасаг, Бат-Өлзий, Уянга сумдын цагдаагийн хэсэг, бусад сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаа нар болон төвийн 7 тасгийн алба хаагчдын нийт 10 баг хурд хүчавъяасчадвароюун ухаан ур чадвараа сорин урлагийн  8 төрлөөр оролцлоо. Урлагийн  наадмын "Уран уншлага"-ын төрөлд Тэргүүн байрыг эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ө.Ишдорж, дэд байранд шүүхийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ч.Оюун-Эрдэнэ, "Гоцлол дуу"-ны төрөлд Тэргүүн байранд  Баянгол сумын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Нямсүрэн, Дэд байрыг Шуурхай удирдлагын тасгийн дарга, цагдаагийн хошууч Л.Мөнхболд, "Гоцлол бүжиг"-ийн төрөлд Тэргүүн байранд мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Лхагвасүрэн, дэд байранд Монгол банкны цагдаа, цагдаагийн ахлагч М.Хүрэлтогоо, Гутгаар байрыг хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Л.Адъяатөмөр нар шалгарч, Өрөмжлөл, сарын үндсэн цалингийн 10-20 хүртлэх хувиар шагнагдав. Харин багийн нийлбэр оноогоор "Тэргүүн_байр"-ыг Уянга сумдын Цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Энхболд ахлагчтай "Талын шонхоруууд" баг шалгарч Өргөмжлөл, 300,0 төгрөг, орон нутгаар аялах эрхийн бичгээр шагнагдсан бол "Дэд байр"-ыг Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Нямдаваа ахлагчтай "Соёмбо" баг шалгарч, Өргөмжлөл, 200,0 төгрөг, багийн алба хаагч бүрт 1 өдрийн цалинтай чөлөө авах эрхээр тус тус шагнагдав. Энэхүү урлагийн  наадмаар алба хаагчид дуу, бүжиг, шүлэг, жүжиглэлт зэрэг авъяасаараа өрсөлдөн урлагаар дамжуулан багийн мэндчилгээ, гэрийн даалгаврын жүжигчилсэн тоглолтыг гэмт хэргээс урьдчилан #сэргийлэх, олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааг сайжруулах сэдвийн хүрээнд бэлтгэн иргэд, олон нийтэд хүргэсэн нь хууль эрх зүй, урьдчлан сэргийлэх мэдээ, мэдээллийг урлаг, соёлтойгоо хослуулан түгээсэн юм. 

"ОФИЦЕРЫН МАНЛАЙЛАЛ" сэдэвт сургалт зохион байгууллаа 

Arslan.mnСонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс албаны сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу “Офицерын манлайлал” сэдэвт сургалтыг хэлтсийн байрандаа зохион байгууллаа. Сургалтаар цагдаагийн албан хаагчийн сэтгэлгээ, харилцаа, ёс зүй, харизм, төрийн албан хаагчийн эрхэмлэх зүйлс дэд сэдвүүдийн хүрээнд мөн багийн хамтын ажиллагаа, ажлын бүтээмжийг хэрхэн дээшлүүлэх, хувь хүний хөгжилд чиглэсэн чөлөөт сэдвүүдээр орлоо. Сургалтад офицер албан тушаалын 51 алба хаагчид хамрагдсан бөгөөд сургалтын үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

“ХУРАНДАА” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ 80 ХУРАНДАА НЭГ ТАНХИМД ЦУГЛАВ 

Arslan.mn

“Монгол хурандаа” нийгэмлэгээс зохион байгуулж буй “Хурандаа” өдөрлөг 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулагдлаа. Уг өдөрлөгт Цагдаа, Дотоодын цэрэг, Хил хамгаалах, Онцгой байдал, Зэвсэгт хүчин, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нийт 80 гаруй хурандаа оролцлоо.“Хурандаа” арга хэмжээ нь 2014 оноос хойш жил бүрийн энэ өдөр зохион байгуулагдаж иржээ. Тус өдөрлөгийн үеэр “Монгол хурандаа” номын 9 дэх ботийн нээлт болсон бөгөөд өдөрлөгийн үеэр тус нийгэмлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, үр бүтээлтэй ажиллаж буй хурандаа нарт шагнал, дурсгалын зүйл гардуулсан юм. Тус нийгэмлэг нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудад алба хааж байгаа болон чөлөөнд гарсан хурандаа цолтнуудыг эгнээндээ нэгтгэн 2005 оны 06 дугаар сарын 02-ны өдөр үүсгэн байгуулагдаж байжээ. “Монгол хурандаа” нийгэмлэг нь хурандаа цолтнуудын эрх ашгийг хамгаалах, аливаа улс төрийн нам, эвсэл холбооноос ангид, ашгийн төлөө бус, гишүүддээ үйлчилдэг, сайн дурын эвлэлдэн нэгдсэн төрийн бус байгууллага бөгөөд ахмад, залуу үеийн холбоог бэхжүүлж, ахмад үеийнхээ ажлын дадлага туршлагыг дэлгэрүүлэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зэргээр үйл ажиллагаа явуулдаг юм.

Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын 2019 оны "БОКС"-ын аварга шалгаруулах тэмцээн амжилттай боллоо 

Arslan.mn

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэг, хоёр, гуравдугаар хэлтсүүдийн нэрэмжит Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын дунд 2019 оны “Бокс”-ын аварга шалгаруулах тэмцээн Цагдаагийн ерөнхий газрын Хүч спорт хорооны зааланд зохион байгуулагдлаа. Тэмцээнд Улаанбаатар цагдаагийн хүрээний 16, орон нутгийн 13, нийт 29 байгууллагын 100 гаруй тамирчид авхаалж самбай, хурд хүчээ сорьж 8 жингийн 32 медалийн төлөө өрсөлдлөө. Тэмцээний Тэргүүн байрт 27.5 оноогоор Тусгай ажиллагааны газар, Дэд байрт 24 оноогоор Эргүүл хамгаалалтын газар, Гутгаар байрт 15.5 оноогоор Дархан-Уул аймгийн цагдаагийн газар тус тус шалгарч тэмцээн амжилттай өндөрлөлөө. 

Цагдаагийн цол олгож, тангараг өргүүлэх ёслолын ажиллагаа боллоо 

Arslan.mn

Хууль зүйн сайдын 2016 оны А/146 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Цагдаагийн мэргэшсэн алба хаагч бэлтгэх, мэргэшлийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд бүрэн дунд боловсролын түвшингийн 2.5+(2)+1.5 жилийн сургалтад хамрагдаж буй сонсогчдыг цагдаагийн байгууллагын ажлын байр /албан тушаал/-нд томилж, цагдаагийн цол олгох ёслолын арга хэмжээ өнөөдөр /2019.03.15/ Эрүүл хамгаалалтын газрын жагсаалын талбайд зохион байгуулагдлаа. Цагдаагийн цол гардуулах ёслолын арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа З.Дашдаваа, Хүний нөөцийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Баясгалан нар оролцож сонсогчдод цагдаагийн цол гардуулан цагдаагийн тангараг өргүүллээ. Энэхүү арга хэмжээний үеэр Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж цагдаагийн байгууллагын ахлагчийн бүрэлдэхүүнд шинээр орж, цагдаагийн цол шагнагдсан алба хаагчдад хандан баяр хүргэж цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн үүргийг нэр төртэй биелүүлж ажлын амжилт гаргахыг хүссэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601199
0 эможи

0mgm80us2g
2020-02-08 05:23
keyboard_arrow_up