Боловсруулсан таван килограмм ШАХМАЛ ТҮЛШ найман цаг дулаанаа барьдаг нь батлагджээ
Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 2019 оны тавдугаар сараас эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахыг хориглож, боловсруулсан түлшийг гэр ахуйн хэрэглээнд нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн.
Энэ хүрээнд нүүрс боловсруулах үйлдвэр барьж, цахилгаан халаагуур, шингэн хийг хэрэглээнд нэвтрүүлэн, гэр хорооллыг орон сууцжуулах зэрэг цогц арга хэмжээ авах юм. Ингэснээр агаарын бохирдол 50 хувиар буурах боломжтой гэж үзэж байна.
Шахмал түлш үйлдвэрлэгч "Таван толгой" ХК нь компани жилд 100 мянган тонн боловсруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Таван тонн түлшний үнэ түүхий нүүрснийхээс хямд буюу 150 орчим мянган төгрөг байх тооцоо гарсан байна. Мөн эдний боловсруулсан таван кг түлш найман цаг дулаанаа барьдаг нь туршилтаар батлагдсан байна.
Нийслэлийн гэр хорооллын нэг өрх жилд таван тонн нүүрс түлдэг гэж үзвэл 214 мянган өрхийн нүүрсний жилийн хэрэглээ нэг сая гаруй тонн. Тавантолгойн нүүрс илчлэг сайтай учир үйлдвэрүүд 600 гаруй мянган тонн боловсруулсан түлш үйлдвэрлэхэд энэ хэрэгцээг бүрэн хангах боломжтой юм.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|









