“Засгийн газар сангуудыг татан буулгаснаар баримт устгаж байж магадгүй”
"Хэвтүүл" хөдөлгөөнөөс “Засгийн газрын сангуудыг нэгтгэх нэрээр эрх мэдэлтнүүд гэмт хэргийнхээ нотлох баримтыг устгаж болзошгүй нөхцөл үүсч байна” сэдвээр мэдээлэл хийлээ.
"Хэвтүүл" хөдөлгөөний гишүүн, НИТХ-ын Баянзүрх дүүргийн төлөөлөгч М.Тулгат:
Төрийн дээд албан тушаалтнууд УИХ-ын гишүүд гурван хувийн хүүтэй 200-300 сая төгрөгийн зээл авсан. Тэд үүнийгээ хулгай гэж үзэхгүй бизнес гэж хаацайлдаг, бид үүнийг зүгээр өнгөрөөх ёсгүй. ЖДҮ-ийн асуудалд УИХ-ын гишүүд дархан эрхийнхээ хүрээнд хамгаалагдаж шалгуулахгүй байна, шалгуулах ёстой. Үүнийг хэзээ ч уучлахгүй, өршөөхгүй. Монголын нийгэмд байгаа хар бараан зүйлд бид харанхуйд нүд дасдаг шиг дөжирсөн байна. Бид өөрчлөх цаг болсон. Маргаашийн цуглаанд ирж бидэнтэй нэгдээрэй.
Мөн “Сангуудаас зээл авсан нотлох баримтууд устах аюулд хүрээд байна. Тэнд байсан мэдээллүүдийг алга болох, санаатайгаар шатаах талаарх мэдээлэл бидэнд байна. 60 тэрбум гэх мэт сангийн системийг бий болгож иргэдээсээ хулгай хийж байгаа энэ хууль бус зүйлийг хүчтэй эсэргүүцэж цэг тавих цаг болсон. Эрх мэдэлтэн болон жирийн иргэн хоёул тэгш эрхтэй байх ёстой. Та бүхнийг бидэнтэй хамтраасай гэж хүсэж байна.
Аливаа төрийн албан хаагч өөрийн эрх мэдлээ урвуулан ашигласан ашиг сонирхлын зөрчил гаргавал найман жилийн ял авах хуультай байдаг. Энгийн ард иргэдэд энэ хууль үйлчлээд том хэрэг үйлдсэн улс төрчдөд үйлчлэхгүй байна. ЖДҮ сан бол хамгийн том баримттай хэрэг гэдгийг санаарай. Тэд өмнө нь ч биднээс хулгай хийдэг байсан бол одоо бизнес хийх боломжийг ч хулгайлах боллоо” гэсэн юм.
“Хэвтүүл” хөдөлгөөнийхөн маргааш өглөө 10:00 цагт Сүхбаатарын талбай дээр цуглаж тэмцлээ эхлүүлнэ гэдгээ мэдэгдлээ.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|









