ТАНЫ СОНОРТ: Гэрээ удаан хугацаагаар орхих бол цагдаад мэдэгдээрэй
Зуны дэлгэр цаг ирсэн болоод ч тэр үү ард иргэд амралтын байдалтай аймаг, сумдын наадам хэсэх, зусландаа гарах зэргээр гэр орноо эзэнгүй удаан хугацаагаар орхих нь ихэсдэг. Яг энэ үеэр буюу зуны улиралд иргэдийн өмчийн эсрэг гэмт хэрэг нэмэгддэг. Ялангуяа халаасны болон орон байрны хулгай зонхилдог аж. Тиймээс хүн ихээр төвлөрдөг худалдаа, үзвэр үйлчилгээний газруудад хяналтын камер байрлуулж, мөн ийм хэргийг илрүүлж мэргэшсэн албан хаагчдыг эргүүл шалгалтад байнга гаргаж, цөөнгүй хэргийг илрүүлж байгаа юм.
Ард иргэдийг удаан хугацаагаар гэр орноо орхиж байгаа тохиолдолд хөршдөө мэдэгдэх, хэрэв тухайн хөрш нь харж хандах боломжгүй бол харьяа дүүргийнхээ цагдаагийн хэлтэст тэмдэглүүлэх хэрэгтэйг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Ингэснээр тухайн газрыг эргүүлийнхээ чиглэлд оруулаад хянах боломжтой болдог аж. Харин зуслангийн чиглэлд Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс болон зуслангийн цагдаагийн хэлтэс ажиллаж байгаа гэнэ. ЦЕГ-ын даргын тушаалаар тэнд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, хойшлуулшгүй ажиллагаа явуулах албан хаагчид 24 цагаар ажиллаж эхэлжээ. Зусланд зонхилон үйлдэгддэг хулгай, танхай, бусдын биед гэмтэл учруулах төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажлыг эрчимжүүлэх “Зуслан” нэгдсэн арга хэмжээг ч явуулж байгаа аж. - See more at: http://www.wikimon.mn/content/55753.shtml#sthash.ZlCrvhiQ.dpuf