ФОТО: Шинэ цэвэрлэх байгууламж бүхэлдээ хяналт удирдлагын ухаалаг скада системээр тоноглогдоно
Улаанбаатар хотын шинэ төв цэвэрлэх байгууламжийн шавыг өнөөдөр тавьж, барилгын ажлыг эхлүүллээ. Ёслолын ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БХБ-ын сайд Х.Баделхан, БНХАУ-ын Элчин сайд Шин Хаймин, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нарын албаныхан оролцов.
Төв цэвэрлэх байгууламжийг БНХАУ-ын 267 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр шинэчилнэ. Барилгын ажлыг БНХАУ-ын хоёр компанийн түншлэл төв цэвэрлэх байгууламжийг гурван жилийн хугацаанд барьж байгуулна. Барилгын ажилчдын 50 хувьд нь монгол ажилчид ажиллана. Мөн дотоодын барилгын материал ашиглах гэрээ байгуулсныг Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан хэллээ.
Шинэ цэвэрлэх байгууламж нь хуучин цэвэрлэхийн биопрудын зориулалтаар ашиглагдаж байсан 40га талбайд баригдана. Үүний 24.7га буюу 61 хувьд нь барилга байгууламжийг барих аж. Мөн шаардлагатай авто зам, явган хүний зам, ногоон байгууламжийг давхар шийдэж өгөх юм байна.
ТЭЗҮ-д тусгагдснаар хоногт 250,000м.куб бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай. Гурван үе шаттай цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийгдэнэ.
Лаг боловсруулан биохий гарган авах замаар эрчим хүч болон дулаан үйлдвэрлэн нийт цахилгааны хэрэгцээний 53 хувийг хангах юм.
Хаягдал лагийг усгүйжүүлэн хатаах, шатаах замаар хаягдалгүй үйлдвэр байна.
Цэвэрлэгээний процессоос ялгарах үнэрийг агааржуулалтын системээр цуглуулан биологи цэвэрлэгээний аргаар цэвэрлэнэ.Үйлдвэрийг бүхэлд нь хяналт удирдлагын ухаалаг скада системээр тоноглохоор ТЭЗҮ-д тусгажээ.
Шинэ цэвэрлэх байгууламжийг "Чайна тисижу сивил инженеринг групп ба Бээжин констракшн инженеринг групп консерциум" барина. Үндсэн барилга байгууламжуудыг 35.5 сарын дотор барьж дуусгахаар төлөвлөгджээ.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ: MPA.MN
|









