MAC үйлдлийн системийн орчинд монгол бичгээр бичих боломжтой боллоо
Өнөөдөр “Олон улсын эх хэлний өдөр”-ийг тохиолдуулан монгол бичгээр MAC үйлдлийн системд монгол бичгээр бичих шинэ боломж болон монгол хэл бичгийн багш Т.Дашцэдэнгийн гар бичмэл фонтыг хэрэглэгчдэд дэлгэлээ.
“Болорсофт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Мөнхнаран
MAC үйлдлийн систем дээр монгол бичгээр бичих боломжийг нээж өгснөөр монгол бичгийн хувьд нэгдсэн нэг загварчлалтайгаар аль ч үйлдлийн систем дээр бичигдсэн текстийг хооронд нь хөрвүүлж, унших боломжтой болж байна гэсэн үг.
Өөрөөр хэлбэл компьютерын орчин дахь монгол бичгийн “зүгшрэл” бий болж байна.
Өмнө монгол бичгийг цахим орчинд ашиглаж чадахгүй байсан гол шалтгаан нь олон төрлийн кодчиллоор бүтсэн программчлал, фонт, гар зэргээс хамааран хийгдсэн текст болон контентууд амархан "эвдэрдэг" хүндрэлтэй байсан бол одоо энэ бүх асуудлыг шийдвэрлэж, цэгцэлсэн гэдгийг дуулгахад таатай байна.
Түрүүнд дурдсанчлан MAC үйлдлийн системд буй фонт WINDOWS орчинд орохоор зөрж, текстийг хооронд нь хөрвүүлэхэд алдаа их гарч, эвдэрдэг байжээ. Харин энэхүү шинээр танилцуулж буй тунгаамал загварын /Refined model/ гар болон фонтыг ашигласнаар ямар ч төрлийн компьютер дээр эвдрэлгүй гарах боломжтой болсон нь онцлогтой аж.
Дээрх шинэ хувилбараас гадна манай улсад ашиглагдаж буй монгол хэл, бичгийн сурах бичгүүдэд өргөнөөр ашиглагддаг монгол хэл, бичгийн Т.Дашцэдэн багшийн гар бичмэл фонтыг мөн шинээр танилцуулсан юм. Гар бичмэл фонт нь дармал фонттой харьцуулахад нүдэнд таатай, уншиж, бичиж, харахад илүү амар байдаг тул энэхүү гар бичмэл загварыг ашиглан калиграфын мастер Т.Жамьянсүрэн цахим фонт болон гарын суулгацад зориулан боловсруулж, бүтээжээ.
Эх сурвалж: Гэрэл зургийг:MPA.MN
|









