Хууль эрхзүйн сорилд 50-аас дээш насныхан өндөр оноо авчээ
Төрийн албаны зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн улсын хэмжээнд зохион байгуулсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ”-ний дүн мэдээлэл гарсан байна. Үнэлгээнд 13 яам, 23 агентлаг, 21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүргийн төрийн жинхэнэ 44576 албан хаагч хамрагдсан байна.
Үнэлгээгээр төрийн жинхэнэ албан хаагч нэг бүрийн хууль эрхзүйн болон мэдээллийн технологийн мэдлэгийг сорьжээ. Төрийн жинхэнэ албан хаагчдын насны хувьд 30-40 насныхан хамгийн олон байгаа боловч хууль эрхзүйн сорилд 50-аас дээш насныхан өндөр оноо авсан гэсэн дүн гарчээ.
Анх удаагаа улс орон даяар явагдсан төрийн жинхэнэ албан хаагчдын үнэлгээг Төрийн албаны тухай хууль шинэчлэн мөрдөгдөхийн өмнөхөн хийгдсэнээрээ онцлог юм.









