Гэр хорооллыг орлогод нийцсэн эко хороолол болгон хөгжүүлнэ
Азийн хөгжлийн банк (АХБ) болон Засгийн газар Улаанбаатар хотын гэр хорооллыг орлогод нийцсэн, нүүрсхүчлийн хийн ялгарал багатай, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй эко хороолол болгон хөгжүүлэх 53 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хэлэлцээрт өнөөдөр гарын үсэг зурлаа.
Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч. Хүрэлбаатар, АХБ-ыг төлөөлөн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн нар хэлэлцээрт гарын үсэг зурав.
Тус төслөөр нийтийн аж ахуйн үйлчилгээгээр хангагдсан, ногоон байгууламж, дэлгүүр хоршоо болон ажлын байрны хүртээмж сайтай, байгаль орчинд ээлтэй 20 орчим шинэ эко хороололд 10 мянган айлын орон сууц барина.Эдгээр сууцны 1500 нь түрээсийн орон сууц байх бол 5500 нь орлогод нийцсэн орон сууц байх юм.
Харин үлдсэн 3000 орон сууц нь зах зээлийн үнээр борлуулагдана.
Уур амьсгалын ногоон сангаас олгох 50 сая ам.долларын буцалтгүй тусламж болон Дэвшилтэт технологийн сангаас олгох 3 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хэлэлцээрт өнөөдөр гарын үсэг зурж буй бөгөөд төслийн хүрээнд АХБ-наас олгох 80 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл болон Уур амьсгалын ногоон сангаас олгох 95 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрт удахгүй гарын үсэг зурах юм.
Мөн нэмэлтээр 300 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг барилгын компаниуд, арилжааны банкууд, төслийн үр дүнг хүртэгчид зэрэг оролцогч талуудаас босгохоор тооцоолжээ.









