ФОТО: Нийслэлийн татварын газар Монголын оюутны холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийслэлийн татварын газар, Монголын оюутны холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийг байгуулснаар Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д заасныг даган мөрдүүлэх, сурталчлах, тэдгээрийн талаар сургалт семинар зохион байгуулах тал дээр хамтран ажиллах бөгөөд бүх их, дээд сургуулийн оюутнуудын сургалтын төлбөрийн болон төлбөртэй бусад үйлчилгээ авах бүртээ сугалааны дугаартай төлбөрийн И-баримтаа авдаг болох юм. Санамж бичгийг Нийслэлийн татварын газрын дэд дарга Г.Энхжаргал, Монголын оюутны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Ган-Эрдэнэ нар хамтын ажиллагааны хүрээнд үзэглэлээ.
Нийслэлийн татварын газрын дэд дарга Г.Энхжаргал:
Нийслэлийн татварын газар нь Улаанбаатар хотын хэмжээнд татварын хуулийн хэрэгжилтийг хангах хуулийг сурталчилах, нийслэл болон орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөг хангах бодлогын чиглэлийг баримталж ажилладаг. Монголын оюутны холбооны хувьд Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг улсын болон хувийн их дээд сургуульд суралцдаг оюутнуудын эрх ашгийг хангаж, тэдний суралцах таатай нөхцлийн дагуу ажил үүргээ гүйцэтгэдэг. ХХОАТ 24.6 зааснаар их, дээд сургуулийн оюутнуудын сургалтын төлбөрийн дүнгээр хөнгөлөлт эдлэх нь хуулинд тусгагдаж өгсөн. Энэ хуулийг хэрэгжүүлээд олон жил өнгөрсөн хэдий ч зарим их, дээд сургуульд суралцагч оюутан залуус энэ талаарх ойлголт мэдээлэл дутуу байдгийн улмаас сургалтын төлбөрийн хөнгөлөлт болон, 10 хувийн буцаан олголтонд бүрэн хамрагдаж чаддаггүй. Иймээс энэ хуулийг сурталчилах ажлын хүрээнд оюутнуудаа идэвхжүүлэх тал дээр анхаарч хамтран ажиллахаар боллоо. Үүнээс гадна сургууль орчмын үйлчилгээний газруудад и-баримт олгох тал дээр анхаарч хамтран ажиллах юм байна.
Монголын оюутны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Ган-эрдэнэ:
Өнөөдөр энгийн дэлгүүр болон зах, сүлжээ дэлгүүрүүд ямар ч бараа бүтээгдэхүүн авсан НӨАТ-ын баримт өгдөг. Боловсролын салбарыг яг үүний ижил сургалтын төлбөр болон дотуур байранд НӨАТ-ын баримтыг буцаан олгодог болсон. Дан ганц сургалтын төлбөр болон дотуур байр гэлтгүйгээр сургуулийн орчин дахь цайны газар, буфет зэрэгт мөн ялгаагүй баримт олгох тал дээр Монголын оюутны холбоо Нийслэлийн татварын газартай хамтран ажиллахаар боллоо. Нийслэлийн татварын газарт их дээд сургуулиудын хэдэн оюутан, хичнээн төгрөгийн баримт шивэгдсэн статистик тоон мэдээлэл байдаг. Манай холбоон дээр НӨАТ-ын баримт өгдөг болон өгдөггүй сургуулиудын жагсаалтыг гаргадаг бөгөөд энэхүү санамж бичгийн хамгийн эхэнд хийгдэх ажил нь огт баримт өгдөггүй сургуулиудад Нийслэлийн татварын газартай хамтарсан сургалтуудыг зохион байгуулах, оюутнуудыг идэвхжүүлэх ажлыг хийнэ. Цаашид оюутнуудын И-баримт болон бусад татварын тухай хуулийг мэдлэгийг нэмэгдүүлэх тал дээр хамтран ажиллах болно гэлээ.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|









