Жирэмсэн эхчүүд, 0-5 насны хүүхдүүдийг цэвэр агаарт амраах асуудлыг ЗГ Баасан гарагт эцэслэн шийднэ
Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу жирэмсэн эхчүүд, 0-5 хүртэл насны хүүхдүүдийг 29 амралт сувиллын газарт амраах үйлчилгээ үзүүлэхээр Засгийн газрын холбогдох сайд нар ажиллаж байна. Ингэснээр хүүхдийн цусан дахь хорт бодисын концентрацийг бууруулна.
Урьдчилсан судалгаагаар 10 мянга 600 орчим жирэмсэн эх болон 35 мянга орчим ээж 65 мянган хүүхдийн хамтаар /0-5 нас/ хамрагдахаар байна.
Энэ асуудлыг Баасан гарагт Засгийн газрын ээлжит бус хурлаар эцэслэн шийднэ гэж Засгийн газрын хэвлэлийн албаны дарга цахим хуудастаа бичжээ.
Утааны эсрэг ээж, аавуудын холбоо утааны голомт дунд байгаа жирэмсэн ээж, 0-5 насны хүүхдүүдээс амьжиргааны түвшин доогуур айлын ээж, хүүхдүүдийг утааны улиралд нэг удаа ч болов цэвэр агаарт сувилалд байлгах ажлыг зохион байгуулахыг холбогдох яамдуудад ийнхүү тавьж НХХЯ судалгааг хийснээр Улаанбаатар хот орчмын нийт 29 сувилал, эмнэлэг, зарим амралттай хөнгөлөлттэй үнээр эх хүүхдүүдийг нэг удаа тав хоногоор, 18 ээлжээр амраахад 8.7 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоог гаргасан талаар бид мэдээлсэн билээ.









