Иргэдийн 68 хувь нь нийтийн эзэмшлийн талбайд ТҮЦ байлгахыг эсэргүүцжээ

2018 оны 8 сарын 16

- Хүнсний бүтээгдэхүүнийг зөвхөн дэлгүүрт, харин ТҮЦ-т зөвхөн хадгалалтын горим шаарддаггүй зүйлсийг худалдаална-

“Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ыг шинэчлэн боловсруулах хэлэлцүүлэг Нийслэлийн иргэний танхимд боллоо. Өмнө нь иргэдээс саналыг авах зорилгоор олон нийтийн дунд цахим санал асуулга явуулсан юм. Иргэдээс авсан саналын 68 хувь нь нийтийн эзэмшлийн гудамж талбайд ТҮЦ-ийг байлгахгүй гэсэн бол ил задгай худалдааг 72 хувь нь эсэргүүцэж 18 хувь байж болно гэсэн хариултыг өгчээ. 

НИТХ, Нийслэлийн ажлын захирагчийн ажлын албанаас “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ыг шинэчлэн боловсруулж батлуулахтай холбоотойгоор иргэд, аж ахуй нэгж, худалдаа эрхлэгчдийн саналыг тусгахаар хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Өнөөдрийн хэлэлцүүлэгт худалдаа эрхлэгчдээс гадна төрийн захиргааны байгууллагын төлөөлөл, хууль хяналт, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачид, иргэд болон аж ахуй нэгжийн төлөөлөл оролцож байгаа юм. 

 

 

Нийслэл хотын нийтийн эзэмшлийн гудамж талбай, автобусны буудал дээр зөвшөөрөлгүй байршуулан үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ, гудамж талбайд ил задгай худалдаа эрхэлж байгаа иргэд, мөн стандартын шаардлага хангаагүй дэн буудлууд, нийтийн эзэмшлийн газрыг бохирдуулдаг авто засварын авто засварын үйлчилгээ зэрэг нь хотын иргэдийн эрүүл орчинд амьдрах эрхэнд сөрөг нөлөө үзүүлсээр ирсэн. 

Төр захиргааны байгууллага, иргэд, худалдаачдын дунд зөрчил маргаан үүсгэдэг уг асуудлыг шийдвэрлэж, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа журмыг шинэчилж эрхзүйн харилцаанд оролцогч талуудын зөв зүйтэй эрх ашиг, санал санаачлагыг тусгаж, хуулийн хэрэгжилтийг хангаж, хариуцлагыг сануулах зорилгоор уг хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. 

Хэлэлцүүлгийг зохион байгуулах бэлтгэл ажил болгож Нийслэлийн төвийн 6 дүүргээс 8-р сарын 15-ны дотор тус тусдаа хэлэлцүүлэг явуулж, журамтай холбоотой саналуудыг нэгтэн ирүүлжээ. Нийт 29 байгууллагаас давхардсан тоогоор 115 санал хүлээн авч, 75 саналыг тусгажээ. 

Журмын шинэчлэлттэй холбоотойгоор холбогдох эх сурвалжуудын байр суурийг сонирхлоо. 

"Нийслэлд 1600 гаруй ТҮЦ эрхлэгчид бий. Гэтэл төр иргэнийхээ нийгэм эдийн засгийн баталгааг хангах үүрэгтэй гэсэн үндсэн хуулиа зөрчөөд байна"

 

“Монголын худалдаачдын холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн Э.Урантөгс:
- Уг төслийн багийн ахлагч нь Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр юм. Тэрээр "U money" смарт карт цэнэглэдэг, хүнсний бүтээгдэхүүн зардаггүй, соёлын бараа худалдаалдаг ухаалаг гэх шилэн ТҮЦ-ийг ашиглалтад оруулах өөрийн эрхэд тулгуурласан журам гаргаад байгаа юм.

Монгол улсын үндсэн хуульд “Төр иргэнийхээ нийгэм эдийн засгийн баталгааг хангах үүрэгтэй” гэж заасан байдаг. Гэтэл 1600 хүний амьжиргааны баталгаа болсон ТҮЦ-ийн үйл ажиллагааг төр зогсоовол тэд юу хийх вэ, ар гэр үр хүүхэд нь яаж амь зуух вэ? Энэ нь төр үүргээ биелүүлэхгүй байгаа нэг дүр зураг юм.  

 

Мөн бор ТҮЦ-үүд нийт 124 байршлаас аваад оронд нь шилэн ТҮЦ-ээ тавина гэж байгаа юм. Харин бор ТҮЦ-үүдийн байршлыг нийслэлээс зааж өгөөд хотын захын дүүргүүд буюу гэр хорооллууд дээр байлгаж болно гэнэ. Тэгэхээр захын гэр хороололд байх ядуу ард иргэдэд юу ч зарж худалдаалж харин хотын төвд гоё шилэн ТҮЦ-ээ тавина гэсэн үг. Дээрээс нь гадны хөрөнгө оруулалтаа дэмжээд байна. Энэ хүмүүст шинэ ажлын байрыг бий болгоод оронд нь эрхлэх ажил олгох уу?

Бид МАН-ын байрны гадаа нийт худалдаачдын өр, зээл, түрээс, төрийн дарамтыг таслан зогсооё хэмээн жагсаж байна. Бид өөрсдийнхөө үгийг хэлье гэхээр бас хэлүүлэхгүй юм. Тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж, албан байгууллага, иргэний үйл ажиллагаа нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын стандартад нийцсэн байвал эрхлэн явуулж болно гэж Монгол улсын хуулинд заасан байдаг. Мөн гаргаж буй энэ журам нь Монголын үндсэн хууль зөрчиж байгаа юм. Жишээ нь, МУ-ын хуульд заасан “Хувь иргэн хувийн аж ахуй эрхлэх эрхтэй” гэж заасан ч хувийн аж ахуй эрхэлж буй иргэдээ энэ мэт хавчин боож байна. 

"Эцсийн дүндээ энэ нь худалдаа эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалсан журам юм"

 

НИТХ-ын Ажлын албаны дарга Б.Батбямба: 
- Өнөөдрийн хэлэлцүүлэг маань бүтэн жилийн хугацаанд шат шатандаа хийгдсэн хэлэлцүүлгүүдийн нэгдсэн үр дүн гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, хууль тогтоомжид нийцсэн иргэдээс гаргасан санал хүсэлт зэргийг үндэслээд журмын төслөө боловсруулан хэлэлцүүлэг өрнүүлж, шинэж журмыг батлахад бэлэн болсон. Гэвч батлуулах явцад зарим худалдаа, ТҮЦ эрхлэгчдийн төлөөллүүд "журмыг дахин нэг эргэж хараач" гэсэн хүсэлтийг удаа дараа нийслэлийн удирдлагуудад тавьсан учраас бид хүсэлтийг хүлээн авч зөвхөн тэдний асуудлыг бус бусад  нийт иргэд, худалдаа үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж буй бүхий л хүнд хамаатай асуудлыг хэлэлцэн санал хүсэлтийг авах боломжийг дахин нэг олгож байна.  

Худалдаа эрхлэгчдийн зүгээс нийслэлийн төвд, хэрэглэгчдэд ойр байх үүднээс байршлаа чухалчилдаг ч нөгөө талаас тухайн орчинд амьдарч байгаа оршин суугчид болон хэрэглэгчдийн зүгээс эрүүл ахуйн шаардлага хангахгүй, амар тайван байдлыг алдагдуулж байна, энэ асуудлыг шийдэж өгөөч гэх тайлбарыг хэлдэг. Тиймээс аливаа үйл ажиллагаа, эрх зүйн харилцаа хуулийн  хүрээнд явагдах ёстой бөгөөд хэн хэнийх нь эрх зөрчигдөхгүй, маргаангүй үйл ажиллагаагаа явуулах нөхцлийг бүрдүүлэхээр л журмыг шинэчлэх гээд байгаа юм. Тус журамд нийтдээ 60 гаруй үйлчилгээний нэгжүүдийг хамруулсан бөгөөд нийгэм хөгжиж байна, цаашид шинээр өөр төрлийн үйлчилгээний хэлбэр, худалдааны арга хэрэгслүүд нэмэгдэхийг үгүйсгэхгүй ч өнөөгийн нөхцөл байдалд таарсан худалдаа эрхлэгч, иргэд хоорондын харилцааг зохицуулахад чиглэгдсэн журам юм. Ер нь товчхондоо хэлэхэд, эцсийн дүндээ энэ нь худалдаа эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалсан журам гэж хэлж болно. 

"ТҮЦ нь хуушуур бууз, ороомог, бургер гэх мэтийг зуны халуунд лангуун дээр ил худалдаалдаг"

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн: 
Нийслэлд хүнсний худалдаа эрхэлдэг дэлгүүр хангалттай байдаг гэж манай Мэргэжлийн хяналтын байгууллага үздэг. Өөрөөр хэлбэл түргэн үйлчилгээний цэг буюу ТҮЦ ажиллах хэмжээний хомсдолтой гэсэн үг биш. ТҮЦ-т ихэвчлэн хүнсний хадгалалтын горимд шаардлага хангаагүй бүтээгдэхүүн худалдаалж байна. Жишээ нь, нөөшилсөн хүнс, хуушуур бууз, ороомог, хачиртай талх, бургер гэх мэтийг зуны халуунд лангуун дээр ил, нарны гэрэлд худалдаалдаг. Гэтэл ТҮЦ-ийн худалдаа эрхлэгчдийн бидэнд тавьж буй тайлбар нь “Бид үүгээрээ амьдралаа залгуулж байна. Бид төрөөс ямар нэгэн дэмжлэг авахгүй ажил эрхэлж байна” гэдэг.

Гэтэл тэр нь иргэдийн, хүний эрүүл мэндэд хортой, халдварт өвчин үүсгэх нэг шалтгаан болж байна. Тиймээс энэ журамтай холбоотойгоор гол хоёр заалтууд оруулж байгаа нь нэгдүгээрт, хүнсний бүтээгдэхүүнийг дэлгүүр л худалдаална, ТҮЦ-т зөвхөн хадгалалтын горим шаарддаггүй зүйлсийг худалдаална. Хоёрдугаарт, ил задгай худалдааг хориглоно. Хаана хүний хөл хөдөлгөөн их байна тэнд хүмүүс худалдаа хийх гэдэг. Харин Засаг даргын дэргэд байдаг Худалдаа үйлчилгээний зөвлөлөөс тухайн дүүрэгт ил задгай худалдаа явуулж болох ямар газар байна тэнд байршлаа тогтоогоод гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж болно гэсэн заалтыг тус тус нэмлээ.


Дүүргүүдэд яригдсан хэлэлцүүлгийн саналуудыг НИТХ-ын ажлын албанд энэ сарын 17-ны дотор хүргүүлээд, бүх дүүргүүдээс хэлэлцүүлгийн үр дүнг тусгасан журмын төслийн шинэчилсэн төслийг наймдугаар сарын 31-ний дотор НИТХурлаар дахин хэлэлцүүлэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598294
0 эможи

keyboard_arrow_up