Биткойноор төлбөр хийж интернэтээс ХАР ТАМХИ ХУДАЛДАЖ авсан этгээдүүдийг баривчиллаа

2018 оны 12 сарын 04

Сүүлийн жилүүдэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэгчдийн тоо өсөж байгаагаас гадна насны хувьд эрс залуужиж байгааг албаны хүмүүс хэлж байна. Тухайлбал, энэ төрлийн гэмт хэрэгт Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газарт бүртгэгдсэн мэдээллийг авч үзэхэд 2018 оны есөн сарын байдлаар 131 хэрэгт 258 хүн шалгагдсан байна. Уг гэмт хэрэгт холбогдогчийн тоонд насанд хүрээгүй хүүхдүүдэд ч багтаж байгаа ба хамгийн бага нь 13 настай хүүхэд байна.

Үүнээс үзэхэд манай улсад хар тамхины хэрэглээ, хууль бус эрэлт маш өндөр байгаа ба үүнийг дагаад хилээр хар тамхи худалддаг зохион байгуулалттай сүлжээ бий болсон байдаг. Эдгээр бүлэглэл өөрсдийн биедээ хар тамхи нуун хилээр оруулж ирдэг байсан бол өнөөдөр тэдний арга нарийсч гадаад улсаас шуудангаар оруулж ирэх болжээ.

Хамгийн сүүлийн нэгэн жишээг дурьдвал, өнгөрөгч арваннэгдүгээр сарын 21-ний өдөр Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид хамтран шуудангаар хар тамхи оруулж ирдэг бүлэглэлийг илрүүлж, үйлдэл дээр нь баривчилсан байна.  Тодруулбал, 18-21 насны гурван этгээд БНХАУ-аас олон улсын шуудангаар ирсэн шахмал хэлбэртэй метафетаминыг хүлээн авсан байна. Сэжигтэй этгээдүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулан шалгаж байна. Шалгалтын явцад дээрх хар тамхийг онлайнаар захиалан авсан байдаг ба сэжигтнүүд тооцоогоо биткойн буюу цахим мөнгөөр хийсэн байжээ.

Тагнуулын ерөнхий газрын мэдээлж байгаагаар, олон улсын мансууруулах бодис нууцаар арилжих бүлэглэл, хувь хүмүүс янз бүрийн аргаар мансууруулах бодисыг хил давуулан оруулах, мансууруулах бодис нууцаар арилжих дотоодын бүлэглэл, хувь хүмүүс гадныхантай хамтран үйл ажиллагаа явуулах нь идэвхжиж, интернет, буухиа шуудан ашиглах нь нэмэгдэж, гэмт үйлдэл нь мөнгө угаах гэмт хэрэгтэй уялдах болжээ. Энэ үйл ажиллагаа улам мэргэшсэн, зохион байгуулалттай, сүлжээ бүхий, хүч түрэмгийлсэн ноцтой шинжтэй болж байна. Мансууруулах бодис нууцаар арилжих бүлэглэлийн зохион байгуулалт, чадвар улам дээшилж, зарим нь сүлжээний зуу гаруй дамлагч, борлуулагчтай төдийгүй хилийн гаднах бүлэглэлүүдтэй холбогдож, улс дамнасан сүлжээг бий болгосон байна хэмээжээ.

Эх сурвалж: www.zindaa.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597813
0 эможи

keyboard_arrow_up