ФОТО: Гар утас зөвхөн харилцаа холбооны үйлчилгээгээр хязгаарлагдахаа больсон
“Телефон утсыг зохион бүтээснээс хойш 50 сая хэрэглэгчтэй болохын тулд 75 жилийн хугацааг зарцуулсан бол телевиз 38 жилийг зарцуулсан байдаг. Харин интернэтийн үйлчилгээ үүсээд дөрвөн жилийн дотор 50 сая хэрэглэгчтэй болсон. Тэгвэл “Angry Bird” хэмээх тоглоомыг 35 хоногт 50 сая хэрэглэгчтэй болжээ” хэмээн ХХЗХ-ны дэд дарга Д.Сэрээдорж “Дижитал Монгол” хэлэлцүүлэгт тавьсан илтгэлдээ дурдлаа.
Хоёр дахь жилдээ болж энэхүү хэлэлцүүлэгт мэдээллийн технологийн салбарынхан харилцан туршлага солилцож, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж, шийдлийг эрэлхийлж буй юм. Энэ жилийн тухайд дата дэд бүтэц, дижитал үйлчилгээний хүртээмж, апп эдийн засаг болон дижитал орчин дахь хэрэглэгчийн хөгжил гэсэн дөрвөн хэсэгт хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Нээлттэй мэдлэг боловсролын сангийн ТУЗ-ийн дарга Д.Энхбат:
“Монгол Улс сүүлийн 20 жилд мэдээллийн технологи, харилцаа холбоог хүмүүст хүргэх тал дээр ихээхэн амжилтад хүрсэн. Одоо дараагийн үед шилжиж байна. Энэ нь зөвхөн гар утас, харилцаа холбооны үйлчилгээг хүмүүст хүргэхээр хязгаарлагдахгүй харин тэр хүмүүсийн эрхэлж буй ажил, боловсрол, амьдрал, бизнес гэх зэргээр эдийн засаг, нийгмийн бүх салбарт мэдээллийн технологи хүмүүсийн аж амьдралыг өөрчилж байгаагийн тухай асуудал болж байна.
Хүртээмж бол нэг талаас өгч чадаж байна уу, нөгөө талаас авч, өөртөө ашигтайгаар шингээж чадаж байна уу гэдгийн хос нийлбэр дээр тодорхойлогддог. Өнөөдөр олон салбарт мэдээллийн технологи хүрсэн. Гэтэл түүнийг авч чадахгүй байна. Жишээлбэл, оюутнууд интернэтийг хичээлийн бус цагаар хангалттай ашигладаг ч, хичээл дээрээ ашигладаггүй. Тэгэхээр мэдээллийн технологийг гурван сая хүн өөр өөрийн талбарт яаж ашиглах тухай асуудал юм” гэв.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|









