Жишиг болохуйц төслийг амжилттай хэрэгжүүллээ
Хүүхэд хамгааллын чиглэлээр Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрын хүүхдэд хүрч буй үйлчилгээг сайжруулах зорилгоор Норвегийн тусламжийн байгууллагаас хэрэгжүүлсэн “Хүүхдийн эрх -Хөгжил” төсөл Ховд аймгийн бүх сумын дотуур байранд 10 жил, Баян-Өлгий аймгийн бүх сумын дотуур байранд 5 жил хэрэгжээд төгсгөлийн тайлангийн хурлаа Өлгий болон Ховд хотод тус тус хийлээ. Өчигдөр Ховд хотод болсон аймгийн тайлангийн хуралд Ховд аймгийн 17 сумын сургуулийн захирал, дотуур байрны эрхлэгч, багш нар оролцож, тайлангийн үр дүн, сургамжийн талаар хэлэлцэж, цаашид дотуур байранд чиглэгдсэн үйл ажиллагааг тогтвортой үргэлжүүлэхэд анхаарах зүйлсийн талаар ярилцав.
Тайлангийн хурлыг нээж Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Пүрэвганди хэлэхдээ “Төслийн үр дүнд сургууль, дотуур байрын багш, ажилтнуудыг чадваржуулахад чиглэсэн үйл ажиллагаанууд нь үр дүнтэй арга аргачлалуудыг бий болгож, эдгээр нь төрийн бодлогод тусгагдан, цаашид төслийн оролцоогүйгээр Ховд аймагт төдийгүй улс орон даяар үргэлжлэн хэрэгжих боломжтой болсонд бахархаж байна” гэв.
Тус төсөл нь 2014-2018 онд хоёр үе шаттай хэрэгжихдээ судалгааны ажлын үр дүнд тулгуурлан нотолгоонд суурилан үйл ажиллагаагаа төлөвлөн явуулснаар богино хугацаанд дотуур байрны багш, эмч, тогооч, ажилтнуудыг чадавхижуулан, дотуур байрны орчин нөхцлийг хүүхдэд ээлтэй байдлаар зохион байгуулж чаджээ. Ингэснээр хүүхдийн сурч боловсрох эрх хангагдаж, сургууль, эцэг эх, хүүхдийн хамтын ажиллагаа дээшилж,сурагчдын сурлага хүмүүжилд эерэг өөрчлөлт авчирсан талаар төслийн удирдагч Б.Баярмаа “Төслийн ололт, амжилт, бэрхшээл” гэсэн илтгэлдээ дурдав.
Төслийн үр дүнг зөвхөн төсөл хэрэгжүүлсэн баг, сургуулийн захирал, дотуур байрны багш нар хэлэлцээд зогсохгүй хөндлөнгийн үнэлгээнд төсөлд хамрагдсан албан тушаалтан, эцэг эх, хүүхдүүдийн саналыг тусгаж, ярилцсанаараа тайлангийн хурал онцлогтой байлаа.
Ховд аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга М.Пүрэвхүү, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ц.Номинчимэг нар хийсэн мэдээлэлдээ дотуур байрны асуудалд эрс өөрчлөлт гарсныг дурдаад хамгийн гол нь хүүхдийн эрхийг хамгаалахад шинэ ахиц гарч, дотуур байрны багш, хүүхдүүдийн харилцаанд амьд шинэ харилцаа бий болж, миний гэр, миний багш гэсэн халуун дотно уур амьсгал бЙүрдсэнийг онцлов.Энэ тайлангийн хурлыг угтаж “Дотуур байр байр-миний гэр” сэдэвт зохион бичлэгийн болон уран зургийн уралдаан зохион байгуулсан нь төслийн үр дүнг хүүхдүүдээр бодитой үнэлүүлсэн шинэлэг арга байлаа. Хүүхдүүд өөрчлөлтийг хамгийн соргогоор мэдэрдэгээ ирүүлсэн бүтээлүүдээрээ нотлон харууллаа.
Төсөлд Норвегийн тусламжийн байгууллагаас чамгүй хөрөнгө гаргасан ч орон нутгийн сургуулийн хамт олон идэвхи, санаачлагатай ажиллаж, Ховд аймагт л гэхэд сүүлийн 5 жилд Орон нутгийн хөгжлийн сан болон бусад эх үүсвэрээс 279 сая гаруй төгрөгийг гаргуулж дотуур байранд хүүхэд амьдрах нөхцөл боломжийг сайжруулах үйл ажиллагаанд зориулж босгож чадсан нь сайшаалтай. Энэ бол цаашид дотуур байрны хөгжлийн асуудлыг орон нутагт бие даан шийдвэрлээд авч явах нөөц боломж бүрдсэнийг нотолж байна гэж Норвегийн тусламжийн байгууллага үзэж байгаа ажээ.









