ГАРААНЫ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ АРГА ХЭМЖЭЭ БАЯНГОЛ, НАЛАЙХ, ХАН-УУЛ ДҮҮРГҮҮДЭД ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

2018 оны 10 сарын 01

Arslan.mnХөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 01 дүгээр тогтоолоор баталсан “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийн Гарааны бизнесийг дэмжих арга хэмжээг Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар 2 дахь жилдээ зохион байгуулж байна.

Арга хэмжээний гол зорилго нь залуучуудыг бизнес эрхлэх ур чадвар, шинэлэг санаанд тулгуурлан гарааны санхүүгийн дэмжлэг олгох, бизнесээ тогтвортой эрхлэхийг дэмжин, байнгын ажлын байртай болгох замаар тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэгдэнэ.

Гарааны бизнес эрхлэх хүсэлтэй залуучуудын гарааны бизнес санааг баяжуулах, өрсөлдүүлэх, багаар ажиллаж ирээдүйтэй санааг бизнесийн зөвлөхийн /ментор/-ийн туслалцаатайгаар хөгжүүлэх, шилдэг гарааны бизнесийг сонгон шалгаруулах явц тодорхой үе шаттайгаар зохион байгуулагдана.

Эхний үе шат болох Гарааны бизнесээ эхлүүлэх /Startup Weekend/ арга хэмжээ буюу 72 цагийн 3 өдрийн сургалтын нээлтийн арга хэмжээ 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол, Налайх, Хан-уул дүүрэгт болж өндөрлөлөө.

Гарааны бизнесээ эхлүүлэх /Startup Weekend/ арга хэмжээ дууссаны дараа шилдэг төслүүдийг шалгаруулан арга хэмжээний 2 дахь шат болох Бэлтгэл хурдасгуур /Pre-Accelerator/ арга хэмжээнд залуучуудыг 5 долоо хоногийн турш бизнесийн зөвлөх /ментор/-үүд зөвлөгөө өгч ажиллана.

Арга хэмжээний сүүлийн шат болох Хөрөнгө оруулагчид, олон нийтэд төслөө танилцуулах /Demo Day/ арга хэмжээнд залуучууд өөрсдийн бизнес төслөө танилцуулан шүүгчид шилдэг төслийг шалгаруулж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлэх гарааны санхүүгийн дэмжлэгийг олгоно.

Гарааны бизнесийг дэмжих арга хэмжээнд хамрагдсан залуучуудад дараах боломжууд хүлээж байна. Үүнд:

- 10,000,000 төгрөгийг хүүгүй, барьцаагүй, 36 сарын хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр авах

- Тав тухтай таатай орчинд эрч хүчтэй, чадварлаг, эвсэг залуучуудтай ажиллах

- Өөрийн мэдлэг ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх

- Дэлхийн зах зээлд нэрд гарсан гарааны бизнес эрхлэгчдийн туршлагаас суралцах

- Шилдэг гарааны бизнес эрхлэгч болон зөвлөхөөс зөвлөгөө, мэдээлэл авах

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597473
0 эможи

keyboard_arrow_up