ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: ЭРҮҮЛ МЭНД
Эрүүл мэндийн салбарт 2018 оны 11 дүгээр сарын 12-оос 11 дүгээр сарын 17-ыг хүртэл долоо хоногийн хугацаанд болсон ОНЦЛОХ үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
“Эх, хүүхдийн эрүүл мэндийн тухай хууль”-ийг санаачлан боловсруулж байна
Эх, хүүхдийн эрүүл мэндийн байдал үндэстний аюулгүй байдлын нэг баталгаа бөгөөд дэлхий нийтийн улс орны хөгжлийг үнэлэх нэг шалгуур үзүүлэлт болдог юм. Эх, хүүхдийн эрүүл мэндийн асуудал зөвхөн эрүүл мэндийн салбарын асуудал бус, салбар хоорондын харилцан хамааралаас ихээхэн шалтгаалдаг учраас хуулиар нийгмийн нэн чухал энэ харилцааг зохицуулах шаардлагатай байна.
Хүний эрхийг хангах замаар эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулахад тулгарч байгаа асуудлууд, саад бэрхшээлүүдийг шийдвэрлэхүйц тусгайлсан, өргөн хүрээтэй хууль тогтоомж шаардлагатай байгаа тул Эрүүл мэндийн яам “Эх, хүүхдийн эрүүл мэндийн тухай” хуулийн төслийг боловсруулаад байна.
Тус хуулийн үзэл баримтлалд төрийн бүх шатны байгууллагууд, нутгийн өөрөө удирдах байгууллагын гүйцэтгэх үүргийг тодорхойлох, эх, хүүхдэд ээлтэй гэр бүлийн орчныг дэмжих, эрүүл мэндээ хамгаалах асуудлуудаар иргэн, гэр бүлийн хүлээх үүрэг, хариуцлага, эрхийг тодорхойлох, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилт, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн тогтвор суурьшилтай ажиллуулах хөшүүргийг бий болгох, эхчүүдийн халамжийг илүү өгөөжтэй, оновчтой болгох зэрэг асуудлуудыг зохицуулахаар тусгасан.
Эх, хүүхдийн эрүүл мэндийн тухай хууль нь хүний эрхийг хангах ялангуяа охид, эмэгтэйчүүдийн эрх, аюулгүй амьдрах, хөгжих бүхий л нөхцлөөр хангагдах стандарт, хэм хэмжээг тогтооход чиглэгдэж байгаа тул иргэний эрүүл аюулгүй байх эрх хангагдахад эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа аж.
Гэмтэл согог судлалын үндэсний төв мэс заслын шинэ арга нэвтрүүлэв
Тус төвийн эмч мэргэжилтнүүд орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан “Эгэм далны холбоосны урагдал, гэмтлийг зангуут түгжээ ашиглан сэргээх” мэс заслын аргыг нэвтрүүлэн ажиллаж эхэллээ.
Эрүүл мэндийн технологийн хөгжил нь эмнэлгийн шатлал бүрд тохирсон эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, оношлох, эмчлэх, нөхөн сэргээх болон эрүүл мэндийн мэдээллийн өртөг зардал хямд, хүртээмжтэй хүн амын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулан дэлхийн жишигт ойртуулах боломж бололцоог олгосоор ирсэн юм.
Дашрамд сонирхуулахад, энэхүү гэмтлийн мэс засал эмчилгээг уламжлалт ил аргаар дэгээ хэлбэрийн ялтасаар эгэм далны холбоосыг сэргээж байжээ. Мэс заслын дараа мөрний өвдөлт, мөрний хөдөлгөөний хязгаарлалт, дэгээ ялтас мултрах, шархны үрэвсэл зэрэг санал гомдол бүртгэгдсээр байдаг. Харин нэг удаагийн зангуут түгжээ товчтой материалыг ашиглан эгэм далны холбоосыг хагас ил аргаар сэргээх мэс засал нь эмчилгээний өндөр үр дүнтэй байдаг аж.
Монгол улсын Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүй
Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын “ Монгол улсын Анхан ба хоёрдах шатлалын эмнэлгийн мэргэжилтний төсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-тэй хамтран “Монгол улсын Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүй” сэдэвт сургалт Эрүүл мэндийн яаманд зохион байгуулагдлаа.
Сургалтанд сургалт эрхлэх 21 байгууллагын 60 гаруй төлөөлөл оролцсон байна.
Сургалтанд Япон улсаас Олон улсын эрүүл мэндийн судалгааны төвийн Анагаах ухааны боловсролын төгсөлтийн дараах сургалтын ахлах зөвлөх Мураоко Акира уригдан ирж “Монгол улсын Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөрийн шинэчлэл” сэдвээр, “Анхан болон хоёр дах шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах” төслийн ахлах зөвлөх Иноүэ Нобуаки “ Хөтөлбөр боловсруулах арга зүй, үе шат” сэдвээр, АШУҮИС-ийн багш Б.Баттогтох “Ерөнхий мэргэжишил судлал сургалтын хөтөлбөрийг боловсруулсан явц” сэдвээр тус тус илтгэл тавьсан аж.
Энэ сургалтын үр дүнд сургалт эрхлэх байгууллагууд мэргэшлийн чиглэл тус бүрээрээ сургалтын хөтөлбөрөө шинэчлэн боловсруулах ажлын эхлэл тавигдах юм гэж албаныхан үзэж байна.
“Өдөрт 10000 алхам” эрүүл мэндийн өдөрлөг боллоо
“Бүх нийтийн эрүүл мэндийг хамралт”-ыг дэмжих зорилтын хүрээнд иргэдэд эрүүл амьдралын хэв маяг, идэвхтэй хөдөлгөөний ач холбогдлыг сурталчлах зорилготой “ӨДӨРТ 10000 АЛХАМ” эрүүл мэндийн өдөрлөг 2018 оны 11 дүгээр сарын 10-ны Бямба гарагт Богд Уулын Баруун ширээт аманд зохиогдлоо.
ЭМЯ, ДЭМБ-аас хамтран зохион байгуулсан уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Дордица, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Содномжамц нар оролцож, Улаанбаатар аялагч, Алтайн ирвэс” клубын хамт олонтой 10 гаруй км алхжээ.
Бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалж, эрүүл мэндийн хүртээмж үйлчилгээг хүн нэг бүрт хүргэхэд дан ганц салбарын яам, эмнэлгийн байгууллага, эмч мэргэжилтнүүд биш иргэдийн өөрсдийн оролцоо, санал санаачилга, идэвх зүтгэл чухал юм. Сүүлийн жилүүдэд нийслэлийн иргэд амралтын өдрүүдээр Богд ууланд алхдаг хэвшил тогтсон нь энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд олон нийтийг уриалах, оролцоог хангах, зөв үлгэр дууриал үзүүлэх нэг чухал ажил болохыг сайд Д.Сарангэрэл хэлсэн үгэндээ сайшаагаад цаашид иргэдийн өөрсдийн санаачилга бүхий эрүүл мэндийн эрсдэлээс сэргийлэх аян, зөв зүйтэй санаачилгыг салбарын зүгээс дэмжинэ гэдгийг энэ үеэр илэрхийлжээ.
Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв “Осол гэмтлийн тандалтын тогтолцоог бэхжүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгуулжээ
“Осол гэмтлээс сэргийлэх” үндэсний хөтөлбөрүүдийн хүрээнд улсын хэмжээний осол гэмтлийн тандалтын тогтолцоог бүрдүүлэхээр төлөвлөж, үе шаттай олон ажил хийгдсэн бөгөөд ГССҮТөвд 2015 онд тандалтын албыг байгуулж, 2016 оноос улсын хэмжээний осол гэмтлийн шинэ өвчлөлийн мэдээг Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан маягтын дагуу авч эхэлсэн.
ГССҮТөвийн Статистик мэдээлэл, тандалт судалгааны алба нь энэ хугацаанд “Осол гэмтлийн тандалтын үйл ажиллагааны удирдамж”-ийг боловсруулан хэвлүүлж, осол гэмтлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг бүхий л шатны улсын болон хувийн нийт 60-аад эрүүл мэндийн байгууллагыг мэргэжил арга зүйн зөвлөмжөөр ханган ажиллаж байсан бол Нийслэлийн хэмжээнд осол гэмтлийн тусламж үйлчилгээ үзүүлэгч эмнэлгүүдийн мэдээлэл зүйн мэргэжилтэн-статистикч эмч нарт 2018 оны 11 сарын 14-нд, яаралтай тусламжийн болон гэмтлийн анхны тусламж үзүүлдэг үзлэгийн эмч нарт 11 сарын 15-ны өдрүүдэд “Осол гэмтлийн тандалтын тогтолцоог бэхжүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгуулсан байна.
Чихрийн шижинтэй хоёр хүн тутмын нэг нь оношлогдоогүй байдаг
Дэлхийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр өнгөрсөн долоо хоногт боллоо.
Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдрийг Чихрийн шижингийн олон улсын холбоо (ЧШОУХ) Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-тай хамтран 1991 оноос дэлхий даяар жил бүр тодорхой уриан дор тэмдэглэж иржээ.
11 сарын 14 нь чихрийн шижингийн эмчилгээнд хэрэглэдэг инсулиныг анх нээсэн Канадын, Нобелийн шагналт эрдэмтэн Фредерик Бантингийн төрсөн өдөр юм.
2007 оноос Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдрийг НҮБ-ийн ивээл дор тэмдэглэх болсон. 160 оронд 1 тэрбум гаруй хүнийг хамарч зохион байгуулагддаг ЧШ-гийн дэлхийн том арга хэмжээ юм.
Монгол улс Дотоод шүүрэл судлалын тэнхим, УНТЭ-ийн Диабетийн төвтэй хамтран 1998 оноос эхлэн анх тэмдэглэж эхэлсэн бөгөөд 2003 оноос эхлэн жил бүр идэвхитэй тэмдэглэж байна.
Улсын гуравдугаар төв эмнэлэг антибиотикийн зохистой хэрэглээний мэдлэг, хандлагыг дээшлүүлэх сургалтыг зохион байгууллаа
Улсын гуравдугаар төв эмнэлэг нь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд антибиотик эмийн эмчилгээний талаар, иргэд, олон нийтэд антибиотикийг зөв зохистой, хариуцлагатай хэрэглэх мэдлэг, хандлагыг төлөвшүүлэх зорилтот үйл ажиллагаануудыг зохион байгуулан ажилладөг бөгөөд энэ хүрээнд 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “Антибиотикийн хэрэглээ, тохиолдлын судалгаа” сэдэвт сургалтыг зохион байгуулжээ.
Сургалтанд тус эмнэлгийн болон нийслэлийн эрүүл мэндийн төвийн 180 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдаж антибиотик эмийн хэрэглээ болон нянгийн тэсвэржилтийн өнөөгийн байдал, нянгийн тэсвэржилтээс хэрхэн сэргийлэх, антибиотик эмийг эмчилгээнд хэрхэн зөв зохистой сонгон хэрэглэх талаар тус эмнэлгийн Эмийн эмчилгээг зохицуулах хороо, АШУҮИС-ийн багш Т.Хосбаяр, Ө.Энхбаатар, Б.Анхтуяа нар сургалтыг явуулсан байна.









