Өнөөдөр супер азтан тодорно
Өнөөдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 18-ны ням гарагт Боловсрол суваг телевизээр НӨАТ-ын баримтын азтанууд тодорно. Иргэн та өнгөрсөн сарын худалдан авалт хийсэн и-баримтуудаа өчигдөр оройны 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой болно. Өнгөрсөн сарын тохирлоор 50 мянган төгрөгийн азтан 19237, 200 мянган төгрөгийн азтан 1895, нэг сая төгрөгийн азтан 215, таван сая төгрөгийн 20 азтан тус тус тодорсон юм. Харин супер шагналын эзэн тодроогүй билээ. Тиймээс та бүхэн аравдугаар сарын худалдан авалтын и-баримтаа заасан хугацаанд нь бүртгүүлсэн бол сугалаанд азтан болох боломжтой болж байгаа юм.
Дашрамд сонирхуулахад Сугалааны системээс 1,000 баримт тутамд нэг азтан тодрох магадлалтай байдаг байна. Систем нийт 1.2 сая хэрэглэгчтэйгээс 708 мянга нь идэвхтэй хэрэглэгч. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд нийт 40 удаагийн тохирол явагдаж давхардсан байдлаар 480 мянган азтан тодорсон байна. Зарим хэрэглэгч маань хоёр, гурван удаа азтан болсныг тооцоод харахад идэвхтэй хэрэглэгчдийн маань 40 орчим хувь нь азтан болсон албан судалгаа байдаг аж.
Сугалааны журамд өөрчлөлт орохоос өмнө сүүлийн гурван орон таарвал 20,000 төгрөг хождог байсан. Тухайн үед сард 500-700 сая төгрөгийг сугалааны хонжворт олгодог байсан бол бага дүнтэй хонжворын дүнг нэмж 50,000 болгосноос хойш сард 1-1.5 тэрбумыг хонжворт олгож байна. Дээр дурдсан 480 мянган азтан маань нийтдээ 19.5 тэрбум төгрөгийг сугалаанаас хожсон. Энэ нь иргэдийн идэвх нэмэгдсэнтэй холбоотой юм.









