Бид мартах учиргүй

2018 оны 7 сарын 20

Arslan.mnЦагдаагийн тангараг. Монгол Улсын иргэн би Цагдаагийн албанд ажиллахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, алба хаагчийн ёс зүй, сахилга, албаны нууцыг чанд сахин, чин шударгаар ажиллаж, шаардлага гарвал амь биеэ үл хайрлан зүтгэхээ батлан тангараглая. Би энэ тангаргаасаа няцваас хуулийн хариуцлага хүлээнэ.

Хатуужил, хариуцлага, үнэ цэнэ шингээсэн энэхүү үгс бол тэдний хувьд аминаас үнэтэй, мөнхийн тангараг нь. Иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө өөрийн алтан амийг хайрлалгүй зүтгэж, гэмтний мэсэнд өртөн эцсийн амьсгалаа татах хүртлээ энэ л тангарагтаа чин үнэнчээ баталж, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн эгэл, эрэлхэг баатар олон.

Албан ёсны судалгаанаас үзэхэд албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан 76 алба хаагч цагдаагийн байгууллагын хэмжээнд байдаг аж. 

Тэдний нэг бол эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Баярбаатарын Ариунболд агсан юм. Тэрээр одоогоос 14 жилийн өмнөх тэнгэр бүүдийж, цас бударсан өвлийн нэгэн жихүүн өдөр албан үүргээ гүйцэтгэхээр гэрээсээ гараад эргэж хариагүй юм. Цэл залуухан 29-хөн настай эрүүгийн төлөөлөгч зам тээврийн осол болон танхайрах гэмт хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдаж байсан гэмт этгээдийг баривчлах үедээ түүний гарт харамсалтайгаар амиа алдаж удам дамжсан цагдаагийн гэр бүл, хань, үр хүүхэд, Монголын цагдаагийн байгууллага, Эрүүгийн цагдаагийн албанд нөхөж баршгүй хүнд гарз тохиожээ.

Тэр залуу насны эр зориг, эрч хүч, сэтгэл зүтгэл, ур чадвар, мэдлэг оюун, тэсвэр хатуужил бүхнийг шалгасан хариуцлагатай алба Эрүүгийн цагдаагийн албаны шилдэг төлөөлөгчдийн нэг байсан юм.

Аавынхаа ажил, мэргэжлийг өвлөж удам дамжсан цагдаа болох дэврүүн хүсэл, гэгээн мөрөөдлөө биелүүлэн 1996 онд Цагдаагийн дээд сургууль төгссөн шинэхэн дэслэгч нийслэлийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хэсгийн байцаагчаар томилогдон ажил, амьдралын гараагаа эхэлж байж.

Түүнээс ганцхан жилийн дараа төрж, өссөн нутаг Сүхбаатар аймгийнхаа цагдаагийн хэлтэст аавтайгаа мөр зэрэгцэн ажиллах аз завшаан тохиосон байна. Түүний аав цагдаагийн бэлтгэл дэд хурандаа С.Баярбаатар 33 жилийн хөдөлмөр зүтгэлээ төр, түмнийхээ амар амгалан амьдралын төлөө зориулсан эрхэм нэгэн бий. Мөрөөдөлдөө хүрсэн хүү, хүүгийнхээ хүслийг биелүүлсэн аав хоёр төрсөн нутгийнхаа цагдаагийн хэлтэст ажилласан цаг хугацаа ямар энгүүн байсан бол.

Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд 2002 онд шинэчлэн батлагдаж, мөрдөж эхэлсэн Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын удирдлагын шийдвэрээр орон нутагт амжилттай ажиллаж буй алба хаагчдаас сонгон шалгаруулж, Эрүүгийн цагдаагийн газарт томилон ажиллуулахаар болжээ. Энэхүү сонгон шалгаруулалтад төрөлх нутгийнхаа ард иргэдийн амгалан тайван, аюулгүй байдлын манаанд таван жил зогсохдоо хамт олноо манлайлан ажиллаж “Ажил мэргэжлийн аварга алба хаагч”-аар  шалгарч, эзэмшсэн мэргэжил, хийсэн ажилдаа эзэн болж үеийн нөхдөө  хошуучлан ажиллаж байсан Б.Ариунболд тэнцжээ.

Ийнхүү тэрээр Эрүүгийн цагдаагийн газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст эрүүгийн төлөөлөгчөөр томилогдон зохион байгуулалттай, хүнд, онц хүнд гэмт хэргийг мөрдөх, гэмтнийг илрүүлэх, буруугүйг таних, цор ганц үнэнийг олж тогтоох амаргүй бөгөөд өндөр хариуцлагатай албандаа өөрийн мэдлэг чадвар, ур ухаан, авьяас, хөдөлмөрөө дайчлан ажиллаж байсан юм.

Цэл залуухан нас нь хувцас формоо цэгцхэн өмссөн гэрэл зурагтаа, эх орон, ард түмнийхээ төлөө өргөсөн тангараг нь шударга, үнэн үйл хэрэгтээ, хүнлэг чанар, ажилч, хичээнгүй, нөхөрсөг зан нь мөр зэрэгцэн ажиллаж байсан мөрдэс нэгт нөхдийнх нь сэтгэл зүрхэнд мөнхрөн үлджээ.

Тиймдээ ч Эрүүгийн цагдаагийн албанаас цагдаагийн ахмад Б.Ариунболд агсны гэгээн дурсгалыг хүндэтгэн, үйлс, алдрыг нь дурсаж “Бид мартахгүй” үйл ажиллагааг энэ оны 07 дугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа. Тийм ээ! Бид хэзээд мартах учиргүй билээ.       

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59693
0 эможи

keyboard_arrow_up