Нийслэлд 4 байршилд 5000 орчим айлын түрээсийн орон сууц баригдана
НОСК-ийн зүгээс Улаанбаатар хотод 7 байршилд түрээсийн орон сууц барихаар төлөвлөжээ. Эдгээрээс 4 байршилд түрээсийн орон сууцны барилгын ажлыг энэ онд багтаан эхлүүлэхээр болсон байна.
Энэ онд барилгын ажлыг нь эхлүүлэх 4 байршилд:
-“Буянт- Ухаа” спорт цогцолбор орчимд 2.2 га газарт 960 айлын,
-Сонгинохайрхан дүүргийн Ханын Материалын Комбинат орчимд 5 га газарт 1006 айлын,
- Баянголын аманд 2000 айлын,
-Сүхбаатар дүүргийн 7-р хороо, Ногоон нуур орчимд 1008 айлын орон сууц багтсан байна.
Эдгээр 4 байршилд барилгын ажлыг эхлүүлэхэд ямар ч асуудалгүй бэлэн байгаа аж.
"Ногоон нуур" орчимд шавыг нь тавьсан 1008 айлын орон сууцыг БНХАУ- ын буцалтгүй тусламжаар санхүүжүүлж, Бугат хотын барилгын компани гүйцэтгэлийг хийхээр болсон.
Бусад байршлын түрээсийн орон сууцны хувьд Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д айлчлах үеэр шийдэгдсэн жилийн хоёр хувийн хүүтэй, 30 жилийн хугацаатай зээлийн хүрээнд баригдах аж.
Эхний ээлжинд дээрхи 4 байршилд орон сууц барьж иргэдэд түрээслүүлэх бол цаашдаа Морингийн даваанд 29 га, Улиастайн аманд 107 га, Био, Сонгино болон авто худалдааны төв орчмын 11 га-д түрээсийн орон сууц барихаар ТЭЗҮ-ийг боловсруулсан байна.
Нэгэнт түрээсийн орон сууцыг хэд хэдэн байршилд барьж эхэлж байгаа болохоор “Нийслэлийн Түрээсийн Орон Сууцны журам”-д өөрчлөлт оруулах, түрээсийн орон сууцны олон хэлбэрийг хэрэгжүүлэх шаардлагатай болж байна.
Нийслэлд түрээсийн орон сууц гэхээр Сүхбаатар дүүргийн 7-р хороололд баригдсан 300 айлын ахмадын орон сууц л байгаа болохоор зөвхөн ахмадуудад зориулсан журам батлагдаж байсан гэж хэлж болно.
Иймд "Нийслэлийн түрээсийн орон сууцны журам"-ыг өөрчлөх, түрээслээд өмчилдөг хувилбарыг хэрэгжүүлж эхлэхээр ажлын хэсэг байгуулжээ.
Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдэд тавигдах шаардлага нь одоогоор тодорхой болоогүй байгаа юм.
Эх сурвалж: BARILGA.MN ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|









