Танай орон сууцны газар хэний өмч болохыг мэдэх үү

2018 оны 10 сарын 31

Arslan.mn

Монгол Улс иргэддээ 1997 онд орон сууц, 2003 оноос газрыг өмчлүүлж эхэлсэн. Орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд хуульд заасны дагуу зөвхөн тухайн айлын орон сууцны хэмжээгээр буюу "дөрвөн хана"-ыг баталгаажуулдаг бөгөөд орон сууц барьсан газар нь хэний өмч болохыг оршин суугчид мэддэггүй. 

Тэгэхээр эрх зүйн талаас нь авч үзэхэд танай орон сууц “агаарт” байна гэсэн үг. Хэн нэгэн хүн гарч ирээд “Танай орон сууц барьсан газрын өмчлөгч нь би байна” гээд гэрчилгээ үзүүлж, газар чөлөөлөх шаардлага тавихыг үгүйсгэхгүй эрх зүйн орчинд бид амьдарч буй юм.

Газар, газар дээр барьсан үл хөдлөх хөрөнгө /агуулах, амины орон сууц, автомашины гарааж/ ч ялгаагүй. Өнөөдөр мөрдөгдөж буй Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар газар, газар дээр барьсан обьектийг тус тусад нь бүртгэж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгодог.

Тиймээс газар, тухайн газарт баригдсан байшин хоёр өөр өөр эзэмшигчтэй байх тохиолдол амьдрал дээр түгээмэл. Үүнээс үүдсэн маргаан шүүхэд олноор ирдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Энэ маргааныг цаашид гаргуулахгүй байх эрх зүйн зохицуулалтыг маргааш буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бүртгэлийн багц хуулиас Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд тусгажээ. 

Шинэчлэн батлагдсан дээрх хууль хэрэгжих маргаашнаас эхлэн орон сууцны гэрчилгээг шинээр олгохдоо тухайн орон сууцны хорооллын газрын нэгж талбарын дугаарт үндэслэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг олгох юм байна. Шинэ хуулийн дагуу иргэд хүсэлт гаргавал  газар нь баталгаажсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг дахин авах боломжтой. 

Харин орон сууцны бус газар, газар дээрх обьектын өмчлөлтэй холбоотой маргааныг цэгцлэхийн тулд Газрын тухай хууль болох Үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлийн хуульд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх шаардлагатай хэмээн УБЕГ-ын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын дарга Д.Батболд тайлбарласан юм. 

Эх сурвалж: GOGO.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596741
0 эможи

keyboard_arrow_up