Автомашинтай ч дүйцдэггүй бидний эрүүл мэнд
Өвлийн улирал хаяанд ирсэн тул бүх жолооч нар автомашинынхаа тос, масло, өвлийн дугуйг солихоор дор бүрнээ явна. Автомашин нь эвдэрчихвэл ямар ч үнээр байсан засуулж байж санаа нь амардаг хүмүүсийг монголчууд гэдэг. Саяханы нэгөдөр танил маань “Машиныхаа дөрвөн дугуй, тос маслыг солиулах гэсэн юм мөнгө зээлээч” гээд залгаж байна. “Өвдөж хавдлаа гэсэн зүгээр үү” гэхэд “Тэр яахавээ, гайгүй л байлгүй. Хүйтрэхээс өмнө машиндаа юм хийхгүй бол онд орохгүй нь” гэж байсан юм. Машин нь л аятайхан байвал өөрийнх нь эрүүл мэнд тийм ч чухал биш гэдэг нь танилын үгнээс илт байна. Хүмүүсийг харж байхад ямар ч өвчнийг урхагт нь тултал явж байгаад нэг л өдөр аврал эрэн эмнэлэг барааддаг. Эмчээс “Сүүлийн шатандаа оржээ” гэдэг гунигт үгийг сонссон маш олон хүн бий гэдэгт итгэлтэй байна. Өнөө сайхан машинйй зараад ч тэр эрүүл мэндээ эргүүлж олж чаддаггүй нь хамгийн харамсалтай. Жилдээ хоёр удаа машиныхаа тос масло, дугуйг цаг хугацаанд нь сольж чаддаг бид өөрсдийнхөө эрүүл мэндэд огт анхаардаггүй нь бодит үнэн.
Мөргөлдсөн машинаа тэр дор нь Вьетнам засварт оруулж ишл толь мэт болгодог хэрнээ жилдээ хоёр удаа эмнэлэгт очоод шинжилгээ өгдөггүй хүмүүсийг яг юу гэж ч хэлмээр юм. Наргиж цэнгэх, ууж идэх, зугаалга баярт харамгүй баяр цаг зав гаргадаг монголчууд эрүүл мэндээ үзүүлэх гэхээр ямар ч зав гардаггүй тийм л “ажилсаг” ард түмэн. Өөрийн биеийг их засварт орохоос өмнө эмнэлэгээр хааяа орж гарч байгаарай. Ядаж машиныхаа дугуй, тос маслоос илүү эрүүл мэндээ боддог болцгооё. Бид эрүүл байж тэр автомашиныг хөлөглөнө шүү дээ.
Эх сурвалж: Өдрийн сонин
|









