Жанжин тугийг Монгол цэргийн музейд заллаа
Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын 2014 оны 6 дугаар сарын “Зэвсэгт Хүчний Жанжин туг”-ийг шинээр бүтээх тухай тушаалын дагуу Зэвсэгт хүчний Жанжин тугийг шинээр бүтээснээ ЗХЖШ-т гардуулах, “Бүгд Найрамдах Монгол Ардын хувьсгалт цэргийн Жанжин туг”-ийг Монгол цэргийн музейд шилжүүлэн өгч хадгалуулах ёслолын ажиллагаа наадмын өмнөх өдөр болсон билээ. БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар Зэвсэгт хүчний Жанжин тугийг ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажавт гардуулан өгсөний дараа “БНМАУ-ын Ардын Хувьсгалт цэргийн жанжин туг”, “Монгол Улсын Зэвсэгт Хүчний Жанжин туг”-ийгМонгол цэргийн музейд хадгалуулах БХ-ын сайдын болон ЗХЖШ-ын даргын тушаалын дагуу уг тугийг ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Ц.Бямбажав, Монгол цэргийн музейн захирал хурандаа Г.Золзаяа нар МУ-ын Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасан журмын дагуу хүндэтгэлтэйгээр хүлээлцлээ.
Ийнхүү “БНМАУ-ын Ардын Хувьсгалт цэргийн жанжин туг”, “Монгол Улсын Зэвсэгт Хүчний Жанжин туг”-ийг Монгол цэргийн музейн сан хөмрөгт бүртгэн, Маршал хүндэтгэлийн танхим”-даа ёс төртэй заллаа.
“БНМАУ-ын Ардын Хувьсгалт цэргийн жанжин туг”, “Монгол Улсын Зэвсэгт Хүчний Жанжин туг”-ийн танилцуулга
Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн 1924 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2 дугаар хурлаас Ардын цэрэгт Жанжин туг үйлдэж гардуулахаар тогтож “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын баатар зоригт Улаан цэргийн их Жанжин туг” хэмээх бичиг бүхий тугийг 1925 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Ардын Улаан цэрэгт гардуулсан байна.