Монголд ирж буй жуулчдын дийлэнх нь БНХАУ, БНСУ-ын иргэд байна
2018 оны эхний есөн сарын байдлаар Монголд ирсэн жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 10.8 хувиар өсөж, 431 мянга хүрсэн байна. Монголыг зорих жуулчдын урсгал 5-9 дүгээр сард нэмэгддэг.
Харин хүйтний улиралд цаг агаарын байдал, дэд бүтцийн бэрхшээл, жуулчны баазуудын үйл ажиллагаа зогсдог зэрэг шалтгаанаар орон нутгийг зорих жуулчид цөөрдөг гэдгийг салбарын холбоо мэдээлж байсан юм. Тиймээс жуулчдын идэвх багатай улиралд "Бүргэдийн баяр", "Талын түмэн адуу" зэрэг гадаадын сэтгүүлч, аялагчдын анхаарлыг татсан арга хэмжээ зохион байгуулах нь жуулчин татах боломж олгодог гэж "Жуулчин" компаниас мэдээллээ. Тухайлбал, өмнөх оны "Бүргэдийн баяр"-ыг 1000 гаруй жуулчин сонирхохоор онгоцны тасалбар захиалсныг салбарын яамнаас онцоллоо.
Үүнээс гадна Монголд ирж буй жуулчдын 30 гаруй хувийг БНХАУ-ын иргэд бүрдүүлж байна. “Bloomberg Intelligence”-ийн судалгаагаар өнгөрсөн онд л гэхэд БНХАУ-ын иргэд дэлхий даяар аяллын зардалд 115 тэрбум ам.доллар зарцуулжээ. Цаашид БНХАУ-ын дундаж давхаргын иргэд нэмэгдэж байгаа нь жуулчдын тоог улам өсгөх төлөвтэй байгаа аж. 2018 оны эхний есөн сард Монголд ирсэн жуулчдынхаа тоогоор БНХАУ-ын дараа БНСУ бичигдэж байна. Энэ онд БНСУ-аас хүлээн авсан жуулчдын тоо 33 хувиар өсжээ.
Эх сурвалж: BLOOMBERGTV.MN
|









