Сургууль, цэцэрлэгийн орчинд ил байсан 84 метр цахилгааны кабелийг аюулгүй болгожээ
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас ил задгай шугам, сүлжээ, цахилгаан эрчим хүч хангах түгээх байгууллагуудад хийсэн шалгалтын дүнг танилцууллаа.
НМХГ-ын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга “Цахилгаан хангамжтай холбоотой ялангуяа ил задгай цахилгааны кабельтай холбоотой хяналт шалгалтыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийж гүйцэтгэлээ. Энэ ажлын хүрээнд:
- Сургууль, цэцэрлэгийн орчин,
- Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Тусгаар тогтнолын талбай зэрэг хүн олноор цуглардаг газрууд,
- Гэр хорооллын ил задгай утаснуудад,
- Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компани болон түүний харьяа зүүн баруун түгээх төвүүд, хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдэд шалгалт хийсэн.
Урьдчилан сэргийлэх шалгалтын хүрээнд 120 ААН-ийн 423 цахилгаан хангамжид шалгалт хийж 364 зөрчил илрүүлсэн. Мөн хоёр ААН-д 15,200,000 төгрөгийн торгууль тавьж барагдуулсан. “УБ цахилгаан түгээх сүлжээ” компанид хийсэн шалгалтаар 42 обьектоос 47 зөрчил илрүүлсэн.
Мөн сургууль, цэцэрлэгийн ойр орчимд болон дотор цахилгаанд хяналт шалгалт хийсэн. Энэ арга хэмжээний үеэр Хан-Уул 52 дугаар сургууль болон 67, 65 дугаар цэцэрлэгүүдийн барилгын араар 84 м урттай цахилгааны кабель ил болон хэсэгчилсэн байдлаар ашиглагдахгүй ил задгай байрласан байсныг илрүүлсэн. Уг кабелийг цэцэрлэгийн хашаа, модонд ороосон байдалтай байсныг сургууль, цэцэрлэгийн ажилчидтай хамтарч аюулгүй болгосон" гэлээ.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|









