Хос тангараг өргөсөн алба хаагчдын эмнэлэг 85 жилийн ойгоо тэмдэглэлээ

2018 оны 10 сарын 26

Цэргийн мөрдөстэй хэрнээ цагаан халаадтай эмч, эмнэлгийн ажилтнууд үүрэг гүйцэтгэдэг Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг (ТТАХНЭ)-ийн 85 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тус эмнэлгийн албан хаагчид цэргийн болон эмчийн хос тангараг өргөдөг бөгөөд шүүх, прокурор, цагдаа, хилийн цэрэг, гааль, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, шүүхийн шинжилгээний байгууллагын алба хаагчид, тэдний гэр бүлийнхэн, чөлөөнд гарсан ахмадууд зэрэг нийт 130 гаруй мянган хүнд эрүүл мэндийн тусламж хүргэдэг. Үүнээс гадна нийслэлийн Чингэлтэй дүүргийн 110 мянга орчим иргэнд мэс заслын тусламж, үйлчилгээ үзүүлдэг.

Төрийн тусгай алба хаагчид эх орны хилийн халдашгүй дархан байдал, иргэдийн амар тайвныг хамгаалдаг бол ТТАХНЭ-ийн эмч, ажилтнууд дээрх албан хаагчдын амь нас, эрүүл мэндийн манаанд зогсох үүрэгтэй билээ.

ТТАХНЭ-ийн баярын хурал, ёслолын үйл ажиллагаа 350 хүний суудалтай, лед дэлгэцтэй, тус эмнэлгийн шинээр байгуулагдсан хурлын зааланд өнөөдөр боллоо. Энэ үеэр ТТАХНЭ-ийн захирал, анагаах ухааны доктор, дэд профессор, дэд хурандаа Л.Баттөр “Түүхт 85 жилийн ойн хүрээнд манай хамт олон маш олон ажлыг хийж амжууллаа.  Тухайлбал, эмнэлгийн тоног төхөөрөмжийн бүрэн шинэчлэлт, суурилуулалт, сургалтын ажлаа бүрэн хэрэгжүүлж дуусгасан. Мөн гадаад, дотоодын хамтын ажиллагааны хүрээнд олон улсын Ротари клубтэй хамтран улсын эмнэлгүүдээс анх удаагаа Эрүүл мэндийг дэмжих төвтэй болсон. Түүнчлэн БНСУ-ын Кошин их сургуулийн эмнэлэгтэй хамтран 300 сая орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар Телемедициний төв байгуулсан. Мөн манай эмнэлэг 85 жилийн ойгоо угтахдаа технологийн шинэчлэлээс гадна чанарын дэвшилт хийж ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлж, батламжаа гардан авсан” гэв.

Тус эмнэлгийн 85 жилийн ойн баярын хуралд УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болон Эрүүл мэндийн дэд сайд Д.Бямбасүрэн тэргүүтэй эрхэм оролцсон. Баярын хурлын нээлтийн үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ТТАХНЭ-ийн төлөө 85 жилийн хугацаанд  хичээж ажилласан тус танхимд хүрэлцэн ирсэн болон бүх ахмад ажилтанд нэн тэргүүнд баярын мэнд дэвшүүллээ. Мөн тэдний хойчийг залгамжлан, энэ эмнэлэгт ажиллаж буй нийт алба хаагчдад баярын мэнд хүргэсэн юм. Түүнчлэн харьяа яамнаас нь тус эмнэлгийг сайтар дэмжиж ажиллах болно гэдгээ хэлсэн.

Харин Эрүүл мэндийн дэд сайд Д.Бямбасүрэн “ТТАХНЭ эмнэлгийн хамт олонд болон 85 жилийн түүхийг бичилцэж, бүтээхэд бүх сэтгэл зүрхээ зориулсан ахмад эмч, эрүүл мэндийн ажилтнуудад баярын мэнд хүргэе. ТТАХНЭ барилга, тоног төхөөрөмж, мэргэжлийн боловсон хүчинтэй. Ийм эмнэлэг бий болсон нь манай эрүүл мэндийн салбарын бас нэгэн өнгө төрх юм” гэлээ. Тэрбээр мөн УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн мэндчилгээг ахмад эмч, ажилтнууд болон одоо ажиллаж буй алба хаагч эмч, эмнэлгийн ажилтан нарт уламжлав.   







Эх сурвалж: MNB.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596516
1 эможи

keyboard_arrow_up