СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Галын улмаас таван хүн амиа алджээ
Өнгөрсөн хоногт /2018.10.24 /Онцгой байдлын газарт галын таван дуудлага иржээ. Үүнээс таван хүн гэртэйгээ шатаж амиа алдсан харамсалтай явдал болсон байна.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 15 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2018.10.24-ний 04:37 цагт хүлээн авчээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км замыг туулан 04:45 цагт очиход 5 ханатай гэр, “Соната-7” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэгт гал тархан шатаж байсныг 17 минут ажиллаж унтраасан байна.
Уг гал түймэрт нэр, хаяг, нас хүйс тодорхойгүй 3 том хүн, 2 хүүхэд өртөж нас барсан байсан, цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Цагдаагийн байгууллага хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Гарч байгаа гал түймрийн дийлэнх хувь нь шөнө орой болон өглөөгүүр гардаг байна. Иймд гэрээсээ гарахдаа цахилгаан хэрэгсэлээ бүрэн салгаж, цахилгааны аюулгүй байдлаа хангах, пийшин зуухныхаа галын аюулгүй байдлыг хангаж, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүйгээр гэртээ орхихгүй байх, цогтой үнс нурмаа ил задгай газар асгахгүй байх, бага насны хүүхдийг шүдэнз, асаагуур зэргээр тоглуулахгүй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: ОБЕГ, НОБГ









