ОБЕГ: Баян-Өлгий аймгийн 58 өрхийг нүүлгэн шилжүүллээ

2018 оны 7 сарын 18

Arslan.mn

Онцгой Байдлын Ерөнхий Газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Arslan.mnҮер, усны нөхцөл байдлын талаар ОБЕГ-ын тэргүүн дэд дарга Г.Ариунбуян: "Өнгөрсөн хавар ихэнх нутгаар гантай, гандуу байсан бөгөөд 2018 оны зургаадугаар сарын сүүлийн хагаст нутгийн хойд хэсгээрээ, долоодугаар cap гарсаар ихэнх нутгаар түр зуурын дуу цахилгаантай усархаг аадар бороо орсны улмаас зарим газраар хүндрэл үүсч байгаа. 

2018 оны долоодугаар сарын 10, 11, 15, 16, 17-ны өдөр ихэнх нутгаар бороо орсон бөгөөд Баян-Өлгий Өмнөговь, Дорноговь, Сэлэнгэ, Сүхбаатар аймгийн зарим сумын нутгаар олон жилийн дунджаас их орсон.

Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт 2018 оны долоодугаар сарын 14-16-ны өдрүүдэд орсон усархаг аадар борооны улмаас Өлгий сумын 2, 3, 4, 9, 11, 12, 13 дугаар багийн 530 айл өрхийн 2,512 хүн гамшигт нэрвэгдэж, гэр, байшин, хашаа, хороо нь усанд автсан бөгөөд 225 өрхийн 1,566 хүнийг аюулгуй газарт гаргаж, 185 өрхийн 668 иргэнийг 8 байрлалд түр хоргодох байраар ханган, 58 өрхийг нүүлгэн шилжүүлж, 5 км далан босгож, 300 м шуудуу татсан.

Эрүүл мэндийн салбар иргэдийг эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулах үйл ажиллагааг зохион байгуулж 82 өрхийн 177 иргэнд эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлж "Мөнхийн тун” ХХК-аас 60 хүнд эм бэлдмэл тараасан.

Тухайн суманд үүссэн гамшгийн аюулаас иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг хэрэгжүүлэхээр давхардсан тоогоор тус аймгийн Онцгой байдлын газрын 96, Цагдаагийн газрын 149 алба хаагч, Мэргэжлийн хяналтын газрын 23, Газрын харилцаа. барилга хот байгуулалтын газрын 10, Зам засвар, арчлалтын “Жол" ХХК-ийн 23 ажилтан орон нутгийн 105 иргэн. Ховд аймгийн Онцгой байдлын гаэрын 9, Увс аймгийн Онцгой байдлын газрын 5, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын 7, Завхан аймгийн Онцгой байдлын газрын 9, Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн 92, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн 35, Хилийн цэргийн 0165 дугаар ангийн 55 алба хаагч нийт 618 хүн, 107 нэгж техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Бороо орох үеэр гол, мөрөн, нуурын усны түвшин огцом нэмэгдэж байна.

Өнөөдрийн байдлаар 13 аймгийн 29 сум, нийслэлийн 4 дүүрэгт гол, мөрөн, нуур, цэвэр, бохир усны шугам, тогтоол ус, худгийн ус, хиймэл нууранд 40 удаагийн тохиолдлоор 48 хүн амь насаа алдсанаас хуүхэд 9, насанд хүрэгсэд 39 байгаа.

Усны ослын гол шалтгаан нь бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхидог, гол, усны орчим орхиод эцэг эхчүүд архидан согтуурдаг, хүүхэд, залуучууд сэрүүцэх болон тоглох зорилгоор ус руу ордог, насанд хүрэгсэд гол, усанд орохдоо согтууруулах ундаа хэрэглэж өөрийгөө болон бусдыг хянах чадвараа алддаг, хиймэл нууранд хийлдэг гудастай орсны улмаас осолдсон, худгийн усанд малаа унахаар араас нь ороод осолдсон, үөрийн ус зайлуулах далангаар урсаж байгаа ус руу хөл алдан унаж осолдсон зэрэг олон шалтгаанууд байна" гэсэн мэдээллийг өглөө.

Arslan.mn

ЗТХЯ-ны Замын ашиглалт засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ "Үерийн улмаас үүссэн эвдрэл гэмтлийг зам ашиглалтын компаниуд хариуцан хийгээд ажиллаж байна. Урьд шөнө Сүхбаатар аймагт үер бууж 6 км орчим замын хөвөө эвдэрсэн. Тус замыг эвдрэл гэмтлийг засварлах үүрэг хүлээж ажилладаг байгууллагууд газар дээр нь ажиллаж байгаа" гэлээ.

Arslan.mn

Ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв байдлын талаар ЦУОШГ-ын Ерөнхий технологич инженер Ч.Сарантуяа:  "Долоодугаар сар гарсаар Монгол орны нийт нутгаар хур бороо нэлээд их хэмжээтэй орж байна. Богино хугацаанд их хэмжээний усархаг бороо орж байгаагаас үүдэн үер болох эрсдэл үүсч байна. 

Мөн голын усны түвшин огцом нэмэгдэж байгааг анхааруулж хэлмээр байна. Өнөөдрийн мэдээгээр харахад Хөвсгөлийн уулс, Хэнтийн нуруунаас эх авсан голуудын усны түвшин 10-65 см хүртэл нэмэгдээд байна. Ялангуяа Бэлтэс, Ховд, Буянт, Онон, Сөгнөгөр, Хэрлэн голын усны үерийн түвшин 40 см давж үерлэсэн байдалтай байгаа.

Цаашдаа 21-23-нд ихэнх нутгаар, 24-нд нутгийн зарим газраар, 25, 26-нд зүүн аймгуудаар бороо орох бол 27-ноос эргээд баруун болон төвийн аймгуудаар бороотой.

Усархаг бороо ихтэй байгаа энэ өдрүүдэд түр зуурын хүчтэй салхи, мөндөр буух эрсдэл бас байгаа. Тэгэхээр иргэд маань цаг агаарын гамшигт үзэгдэл гэнэтийн байдлаар тохиолдож болзошгүйг анхаарч цаг агаарын мэдээг өдөр бүр, болж өгвөл өдөрт хэд хэдэн удаа авч байх хэрэгтэй байна. 

Цаг агаарын мэдээ өөрчлөгдөх магадлалтай, хоног хугацаа өнгөрөх тусам нарийвчлагдаж байдгийг анхаараарай. 

Цаг уурын байгууллагаас зургаан цагаас долоо хоногийн өмнөх мэдээг тогтмол урьдчилан тодорхойлж, вэб сайтаараа дамжуулан мэдээлдэг" хэмээн мэдээлэл өглөө. 

Эх сурвалж: Гэрэл зургийг: MPA.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59638
0 эможи

keyboard_arrow_up