“Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” ОУ-ын эрдэм шинжилгээний хурал болно
Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаа нь дэлхий нийтийг түгшээж, улс орнуудын эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, ядуурлыг бууруулах, нийгэмд шударга ёсыг тогтооход саад бэрхшээл болж байдаг онцлогтой.
Манай улсад мөнгө угаах гэмт хэргийн эх үүсвэр нь ихэнхдээ залилах, хөрөнгө завших, авлигал, хээл хахууль, хилээр хууль бусаар эд зүйл нэвтрүүлэх, байгаль орчны эсрэг, татвараас зайлсхийх, хар тамхи, хүн худалдаалахтай холбоотой гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгийг хувиргах, шилжүүлэх, гүйлгээнд оруулах байдлаар үйлдэгдэж байна.
Монгол Улс Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага ФАТФ-ын Ази, Номхон далайн бүсийн бүлэг (АНДББ)-ийн гишүүнээр 2004 оны 6 дугаар сард элссэн байдаг. ФАТФ нь анх 1989 онд “Их долоо” гэгдэх улс орнуудаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын гэрээ, конвенцийг хэрэгжүүлэх, үүнд бусад улс орныг хамруулах, хүчийг нэгтгэх зорилгоор үүсгэн байгуулагдаж байжээ.
ФАТФ нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэх, түүнийг санхүүжүүлэхтэй тэмцэх үр дүнтэй арга хэмжээг хэрэгжүүлэх олон улсын стандартыг багтаасан зөвлөмж болох бодлогын баримт бичгийг боловсруулан гаргадаг бөгөөд анхны зөвлөмжийг 1990 онд гаргаж, 1996, 2001, 2003, 2012 онуудад шинэчлэн гаргаж байжээ.
Түүнчлэн ФАТФ нь МУТСТ шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа эсэхэд тодорхой хугацааны давтамжтай хяналт, шалгалт хийж, тухайн улсын мөнгө угаах, терроризмтой тэмцэх тогтолцоог үнэлэх Харилцан үнэлгээг хийдэг байна. Харилцан үнэлгээний үр дүнд хангалтгүй үнэлгээ авсан улсыг нийтэд зарлах, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоогоо сайжруулах арга хэмжээ авахгүй байгаа улсыг “саарал, хар жагсаалт”-д оруулан тэдгээрийн эсрэг хориг арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг бусад гишүүн улсад уриалдаг.
Монгол Улс ФАТФ-ын бүс нутгийг хариуцсан салбар байгууллага болох Ази, Номхон далайн бүсийн бүлэг /АНДББ/-ийн гишүүнээр 2004 онд элссэн бөгөөд 2006 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх /МУТСТ/ тухай хууль баталснаар СМА-ыг байгуулж, МУТСТ, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эхлүүлж ФАТФ-ын 40 зөвлөмжийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн.
Монгол Улсын 2 дах удаагийн Харилцан үнэлгээний тайлан
ФАТФ-ын АНДББ нь 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн байдлаарх МУТСТ Монгол Улсын тогтолцоонд 2 дахь удаагийн Харилцан үнэлгээг хийж, 2017 оны 7 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд Шри-Ланка Улсын Коломбо хотод зохион байгуулагдсан Ази, Номхон далайн бүсийн 20 дахь удаагийн хурлаар Харилцан үнэлгээний тайланг баталгаажуулж, 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр цахим хуудастаа албан ёсоор байршуулжээ.
Энэ харилцан үнэлгээ нь ФАТФ-аас 2012 онд шинэчлэн баталсан 40 зөвлөмжийн дагуу тус зөвлөмжийн техникийн хэрэгжилтийг төдийгүй МУТСТ тогтолцооны үр дүнтэй байдлыг давхар үнэлснээрээ онцлогтой юм.
“Саарал жагсаалт”-д орох үр дагавар
Монгол Улс 2013 онд Монгол Улс ФАТФ-ын “саарал жагсаалт”-д орж байсан. Монгол Улсын Улсын Их Хурал, Засгийн газраас шуурхай арга хэмжээ авч МУТСТ тухай хууль, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулан холбогдох журам, зааврыг богино хугацаанд батлуулсны үр дүнд 2014 оны 6 сард энэ жагсаалтаас гарч байв. Тухайн үед Монгол Улсын эдийн засаг өндөр өсөлттэй байсан, гадаад нэр хүнд сайн байсан зэрэг шалтгаанаас эдийн засагт учруулсан бодит хохирол бага байсан. Монгол Улсын ДНБ-ий хэмжээ 2013 онтой харьцуулахад үлэмж нэмэгдсэн, эдийн засгийн гадаад харилцаа ихээхэн тэлсэн тул энэ удаа “саарал жагсаалтад” орох нь хавьгүй ноцтой сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй байсан ба 2017 оны 7 дугаар сард хуралдсан АНДББ-ын жилийн чуулганы үеэр Монгол улсын Техникийн хэрэгжилт болон Үр дүнтэй байдлын үнэлгээг хэлэлцэж Монгол Улсыг “эрчимтэй хяналтад” оруулсныг дээр танилцуулсан. Монгол Улс МУТСТ хууль тогтоомждоо нэмэлт, өөрчлөлт оруулж хэрэгжилтийг нь 2018 оны 10 сараас өмнө хангах үүрэг хүлээгээд байсан.
Монгол Улс энэхүү үүргийг хангалтгүй биелүүлбэл “эрчимтэй хяналт”-аас ФАТФ-ын “саарал жагсаалтад” орох нь тодорхой байсан. “Саарал жагсаалтад” орох нь санхүүгийн системийн, улмаар нийт эдийн засгийн хэвийн үйл ажиллагааг уналтад оруулах ноцтой аюулыг дагуулж байгаа юм. Тухайлбал: Монгол улсын зээлжих зэрэглэл буурах, гадаад зах зээлээс хөрөнгө босгох боломж хумигдах, аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө татах зардал нэмэгдэх, банкнуудын гадаад гүйлгээ зогсох, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ ханш өсөх зэрэг үр дагаврыг дурдаж болно.
Монгол Улс “ажиглалтын хугацаанд” хийж буй ажлаа Ази, Номхон далайн бүсийн байгууллагад тогтмол тайлагнах үүрэгтэй байдаг.
Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний хагас жилийн байдлаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан мөнгө угаах зүйл ангиар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэг нээсэн 26 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Нийт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргээс 10 хэрэг шүүхэд шилжилж, 7 хэрэгт шүүхээс ял оногдлуулж, 5 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай прокурорт хүргүүлж, 11 хэрэг ажиллагаанд шалгагдаж байгаа гэсэн статистик мэдээ байна.
Монголын цагдаагийн байгууллагын Эдийн засгийн албаны түүхт 80 жилийн ой энэ оны 10 дугаар сард тохиож байна.
Эдийн засгийн албаны 80 жилийн ойн хүрээнд энэ оны 10 дугаар сарын 30-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Олон улсын эрдэм шинжилгээний хуралд дотоодын мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий 20 орчим төрийн болон төрийн бус байгууллага, Америкийн Нэгдсэн Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Канад Улс, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, Оросын Холбооны Улс, Япон, Герман зэрэг улсуудын элчин сайдууд, Азийн хөгжлийн банк, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага зэрэг гадаадын 10 гаруй орон, олон улсын байгууллагын төлөөлөл оролцох талаар мэдэгдээд байна.
Олон улсын эрдэм шинжилгээний хурлын зорилго нь Үндэстэн дамнаж зохион байгуулалттай үйлдэгддэг мөнгө угаах, санхүүгийн гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлж, уг асуудалтай тэмцэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд эрдэмтэн, судлаачдын судалгааны үр дүнд бий болсон онолын мэдлэг, шинэ санал, санаачилга, гадаад орны ижил чиг үүрэг бүхий байгууллагуудад ашиглаж буй шинэлэг арга барил, туршлагыг судлах, илтгэлүүдийг гарын авлага, эмхтгэл болгон хэвлүүлэхэд оршино.









