ТҮҮХ: Орчин үеийн цагдаагийн байгууллагын хөгжлийн эхэн үе (1921-1924 он)

2018 оны 7 сарын 18

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын газраас мэдээлж байна.

Монгол Ардын Намын Төв Хорооны тэргүүлэгчид болон хошуу, шавь, ардын төлөөлөгчид 1921 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хуралдаж, “Монгол ардын засгийн хэргийг бүгд захиран шийтгэх газар” буюу Ардын түр засгийн газрыг байгуулж, тус засгийн газрын шийдвэрээр 1921 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Монгол ардын журамт цэрэг Хиагт хотыг хятадын гамин цэргээс чөлөөлсөн билээ. 

1921 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Журамт цэрэг Хиагтыг чөлөөлж, хувьсгалт хэв журам, энх амгалан байдлыг сахиулах үүрэг бүхий сэргийлэх цэргийн салааг байгуулж, салааны дарга бөгөөд Хиагт хотын комендатаар Лаварын Дэмбэрэлийг томилсон байна. Л.Дэмбэрэл нь тухайн цаг үеийн нөхцөл байдалд нийцүүлэн хотын хөдөлгөөнийг шөнийн цагт хязгаарлаж, хотод орох, гарах хөдөлгөөнийг хяналтад авах, зэвсэг хэрэгсэл, эзэнгүй эд хөрөнгийг бүртгэн хураан авах, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, хулгайлах үйлдлийг илрүүлэн, таслан зогсоох зэрэг цагдан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлжээ. Энэхүү үйл хэрэг нь Ардын засгийн газраас цагдан сэргийлэхийн талаар авч хэрэгжүүлсэн анхны дорвитой алхам байлаа.

1921 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Монгол “Ардын засгийн газар”-ыг байгуулж, 1921 оны  07 дугаар сарын 19-ний өдөр тус засгийн газрын 06 дугаар хурлаар улс орны аюулгүй байдал, ард иргэдийн амгалан тайван байдлыг хангахын тулд олон чухал үйл хэргийг хэлэлцсэний нэг нь  “Цагдаагийн тухай”  асуудал байсан ба тус хуралдааны шийдвэрээр цагдан сэргийлэхийг Цэргийн яамны харьяанд эмхлэн байгуулж, “Сэргийлэх цэрэг” хэмээн нэрлэн, цэргийн сургуульд сургаж боловсруулахаар тогтсоноор Орчин үеийн Монголын цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсан түүхтэй билээ.  

Энэхүү шийдвэр гарсан даруйд Ардын засгийн газрын Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатар “... Ардын цагдаа бол юуны өмнө ард түмний эрх ашгийг соргогоор хамгаалж, хулгай дээрэм зэрэг хамаг явдалтай тэмцэж, ардын засгийн газрын заавар шийдвэрүүдийг ханган биелүүлж, энх амгалангийн шударга үйл хэрэгт амь биеэ хайрлахгүй тэмцэгчид байх ёстой...” хэмээн шинэ төрийн цагдан сэргийлэх байгууллагын чиг үүргийг тодорхой зааж өгчээ.

Сэргийлэх цэргийн анхны даргыг тухай үед томилоогүй ба арван тавны цагдаагийн даргаар ажиллаж байсан бэйс Нямжавыг Дотоод яаманд шилжүүлж, орлогч гүн Сүнгээд хариуцуулжээ.

Тэрээр 1921.07-1921.10 сар хүртэл “Сэргийлэх цэрэг” буюу ардын цагдаагийн анхны даргаар ажиллаж байв. гүн Сүнгээг Гэндэн, Дэмидийн эсэргүү бүлгийн гишүүн хэмээн 1938 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн онц бүрэн эрхэт комиссын 21 дүгээр тогтоолоор буудан алах, хөрөнгийг нь хураах ялаар шийтгэжээ. Тэрээр Монголын цагдаагийн байгууллагаас хэлмэгдсэн анхны алба хаагчдын нэгэнд зүй ёсоор тооцогддог бөгөөд 1993 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Дээд шүүхийн коллегийн  86 дугаар тогтоолоор цагаатгажээ.

Шинэ тутам байгуулагдсан сэргийлэх цэрэг буюу цагдан сэргийлэхийн алба хаагчид нь алба хаагчид нь Нийслэл Хүрээнд нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхээс гадна Ардын хувьсгалын үйл хэрэгт амь биеэ үл хайхран зүтгэж явсан арвин түүхтэй.

1921 оны 07 дугаар сард автономитын үеэс арван тавны цагдаагаар ажиллаж байсан Наваан, Цэнд, Санжаа нарын төрсөн ах дүү гурван цагдаа өөрсдийн саналаар цагдан сэргийлэхээс ардын журамт цэрэгт шилжиж цагаантан болон хятадын гамин цэргийн эсрэг эх орноо харийн дайснаас чөлөөлөх их үйлсэд оролцож явжээ.

1921 оны 08 дугаар сарын 26-ны өдөр жанжин Д.Сүхбаатар сэргийлэх цэргийн алба хаагчид болон Торгон цэргийн 100 гаруй алба хаагчдын хамтаар цагаантны үлдэгдэл болох 500 гаруй цэргийн эсрэг Заан Тэрэлжийн хавь газар Галтай, Булнайн орчим дайсны цэргийг отон байлдаж, нэг ч хүний амь эрсдэлгүй ялалт байгуулсан байна. Тэрхүү байлдаанд сэргийлэх цэргүүдийг Нийслэл хүрээний цагдан сэргийлэх хорооны бага дарга “Хөвчийн гозгор” хэмээх Цог-Очир, Амгаланбаатар хотын цагдан сэргийлэх хэлтсийн бага дарга Мөнх-Тогоо нар удирджээ.

1921 оны 10 дугаар сарын 11-нд Ардын засгийн газраас нягт Гүн Ц.Гүрсэдийг Нийслэл хүрээний цагдан сэргийлэх хорооны даргаар томилсон ба тэрээр цагдан сэргийлэхийн даргаар ажиллаж байх үедээ  цагдаа нар нь анх байгуулагдснаас хойш хугацаат цэргийн алба хаагч шиг хоол хүнс, хувцас хунарыг улсын сангаас олгож байсныг 1922 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Ардын засгийн газрын 13 дугаар хуралдаанаар таслан зогсоолгож, цагдаа тус бүрийг цалинтай болгож,  сар бүрт 9 лан мөнгө олгож, хувийн гэр орондоо амьдардаг болгожээ.

Ц.Гүрсэд нь 1922 оны 04 дүгээр сарын 18-нд цагдаа нарыг таних тэмдэгтэй болгож хантаазны ар өвөр талд “Монгол улсын нийслэл хүрээг цагдан байцаах цагдаа цэрэг”, “Маймаа хотыг цагдан байцаах цагдаа цэрэг” гэсэн үсэгтэй шар өнгийн хантааз” хэрэглүүлсэн нь цагдаагийн алба хаагчдыг цэрэг болон энгийн ард иргэдээс ялган харагдуулах, албаны үйл хэргийг тодотгох шийдвэртэй алхам болсон юм. Тэрээр Монголын цагдаагийн байгууллагын даргаар 1921.10.11-1922.05.28 хүртэл ажилласан ба улс төрийн их хэлмэгдүүлэлтийн шуурганд өртөж, цаазлагдан хожим цагаатгагдсан байдаг.

1922 оны 05 дугаар сарын 28-нд нягт гүн Ц.Гүрсэдийг Ардын засгийн газрын бүх цэргийн жанжны газар шилжүүлэн ажиллуулж, орон гарсан цагдан сэргийлэхийн даргад гүн Пунцагийг томилжээ.

1922-1923 онд Нийслэл хүрээнд хотын комендант ба Улсын цагдан сэргийлэх газрын дарга, 1924-1926 онд Машины товчлон эрхлэх газрын дарга, 1934-1936 онд Тахилтын даваа зэрэг газар Ойг хамгаалах цагдаагаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтыг эдэлжээ. Орчин үеийн Монголын цагдаагийн анхны дарга нараас хэлмэгдээгүй ганцхан дарга нь Гүн Пунцаг юм.

1923 оноос эхлэн Цагдан сэргийлэхийн үйл ажиллагааг сайжруулахын тулд эрх зүйн орчин нөхцөлийг бүрдүүлэх, үүний тулд тусгай дагаж мөрдөх хууль дүрмийг бий болгох нь нэн чухал байв. Тэдгээр хууль дүрмийг боловсруулахын тулд Ардын Засгийн газраас Б.Цэрэндоржоор удирдуулсан тусгай комиссыг мөн оны 06 дугаар сарын 01-ээс эхлэн томилж, “Цагдан сэргийлэхийн эрх хэмжээний дүрэм”, “Цагдан цээрлүүлснийг зөрчсөнийг яллах хууль” зэрэг эрх зүйн актуудыг боловсруулан, 1923 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Ардын засгийн газрын 18 дугаар хурлаар батлуулан мөрдүүлж эхэлжээ.

Энэхүү дүрмээр орчин үеийн цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны  эрх зүйн үндэс тавигдаж өдгөө 95 жилийн турш төр, ард түмний өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байна.

1924 оны 02 дугаар сарын 15-ны Засгийн газрын хурлаас морьт цагдааг 27 лангийн цалинтай болгож, Мөн оны 07 дугаар сард Засгийн газрын хурлаар “Улиастай хот”-д цагдаа 4, бага дарга 1 суулгасан нь орон нутагт байгуулагдсан Цагдан сэргийлэхийн анхны салбар болсон ба мөн оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 43 дугаар хурлаар Цагдан сэргийлэхийн дүрэмд 6 зүйлийг нэмэх саналыг баталсан зэргээр ардын цагдан сэргийлэх нь асар хурдацтай хөгжил дэвшлийг олж байв.

1924 онд хуралдсан Улсын анхдугаар их хурлаас Цагдан сэргийлэх байгууллагыг Цэргийн явдлын яамны захиргаанаас Дотоод явдлын яаманд шилжүүлэн Улсын Цагдан Сэргийлэх газар болгожээ.  

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТӨВ АРХИВЫН ГАЗРЫН

ЦАГДААГИЙН ТҮҮХ СУДЛАЛЫН СЕКТОРЫН ЭРХЛЭГЧ О.ОДБАЯР,

СУДЛААЧ Ц.ЖАМБАЛДОРЖ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59622
1 эможи

keyboard_arrow_up