“Энэ бол шүүлтүүр биш нүүрсний тоосонцорыг бүрэн шатаах төхөөрөмж юм шүү“
ТӨХӨӨРӨМЖИЙГ ХЭРЭГЛЭСНЭЭР НЭГ ӨРХӨД ДУНДЖААР САРЫН ЦАХИЛГААНЫ ХЭРЭГЛЭЭН ДЭЭР 22,000 ТӨГРӨГ ГАРНА
ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан
"Индукцийн аргаар бүрэн шаталтыг дэмжих төхөөрөмжийн талаар мэдээлэл өгье. Монгол инженерүүд ийм технологи бүтээж, танилцуулсан байдаг. Энэ бүтээгдэхүүнийг хөгжүүлж эцсийн бүтээгдэхүүн болгох ажлын хэсэг 9 сарын турш ажиллаж байна.
Уг төхөөрөмж нь эцсийн бүтээгдэхүүн болгож хэрэглэхэд үр дүнтэй гэх дүгнэлтийг БНХАУ-ын HAIER группийнхэн өгсөн. Ажлын хэсгийн зүгээс 12 дугаар сараас өмнө эцсийн бүтээгдэхүүн болгохоор ажиллаж байна.
Энэ төхөөрөмж бол шүүлтүүр биш. Нүүрсний тоосонцорыг бүрэн шатаах төхөөрөмж юм шүү. Төхөөрөмжид үйлдвэрлэгчийн зүгээс 3 жилийн баталгаа өгч байгаа" хэмээн тайлбарлалаа.
Мөн "100 мянган өрхөд туршилт хийх гэж байна" гэх мэдээлэл яваад байна. Төр иргэд дээрээ туршилт хийдэггүй. Агаарын бохирдлыг богино хугацаанд дорвитой бууруулах шийдэл учраас энэ шийдлийг сонгосон.
Бид аль болох хэрэглэгчдэд бага ачаалал өгөх асуудал дээр ажиллаж байна. Төхөөрөмжийг хэрэглэснээр нэг өрхөд дунджаар сарын цахилгааны хэрэглээн дээр 22,000 төгрөг гарна. Уг хэрэглээний өртөгийг бууруулах чиглэлээр ажиллаж байна" гэв.
БНСУ-ААС АВАХ НЭН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙГ 100 ХУВЬ ОРОН СУУЦЖУУЛАХАД ЗАРЦУУЛАХААР ЭКСИМ БАНК, САНГИЙН ЯАМТАЙ ХАМТРААД АЖИЛЛАЖ БАЙГАА
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат
"50 тэрбумаар хамгийн ихдээ 10,000 айлыг орон сууцжуулах боломжтой. Гэр хорооллын иргэдээ орон сууцжуулах бодлого урт хугацаандаа хэрэгжээд явна. Харин энэ бол богино хугацаанд агаарын бохирдлыг бодитоор бууруулах дэвшилтэт технологи. Яавал олон хүн бага хордох вэ гэдэг дээр анхаарч байгаа.
Цахилгаан индукцийн аргаар тоосонцорыг устгах боломжтой гээд мэргэжлийнхэн хэлээд байхад "энэ чинь бүтэх юм уу" гээд надаас асуугаад байгаад би хариулж мэдэхгүй байна.
Агаарын бохирдол буурахгүй бол би хариуцлага хүлээе л гээд байгаа. Агаарын бохирдол ерөөсөө 1,300,000 хүний асуудал. Үйлдвэрлэгч төхөөрөмж маань тоосонцорыг 87-93 хувь хүртэл шатаана гэсэн баталгаа өгч байгаа. Тийм учраас бид орчин үеийн мэргэжлийн шинжлэх ухаанчаар хандах ёстой.
БНСУ-аас авах нэн хөнгөлөлттэй зээлийг 100 хувь орон сууцжуулахад зарцуулахаар Эксим банк, Сангийн яамтай хамтраад ажиллаж байгаа" гэлээ.









