Улаанбаатарт шилжин ирж захын хороололд төвхнөсөн иргэд хотын хүн амын 60 гаруй хувийг эзэлж байна
Монголд анх удаа хийгдсэн дотоодын шилжих хөдөлгөөний цогц судалгааны үр дүн танилцуулах семинар ГХЯ-ны Зөвшилцөл танхимд өнөөдөр боллоо.
“Монгол Улсын дотоод шилжилт хөдөлгөөний судалгаа”, “Хотод шилжин ирэгсдийн эмзэг байдлын судалгаа” гэсэн хоёр үндсэн сэдвээр хийгдсэн цогц судалгааны үр дүнг судалгааны багийнхнаас тодрууллаа.
“ТӨМӨР ЗАМ БОЛОН АВТО ЗАМ ДАГУУ БАЙРШИЛТАЙ СУУРИН ГАЗРУУД РУУ ШИЛЖИХ ХАНДЛАГА ТҮЛХҮҮ БАЙНА”
Судалгааны дагуу дотоодын шилжигсдийн олонх нь Улаанбаатар хотод төвлөрдгөөс, хотжилт эрчимтэй явагдаж, хөдөө орон нутгийн хүн ам цөөрч байгаа аж.
1989 онд хүн амын дөрөвний нэг хувь нь (26.8%) оршин сууж байсан нийслэлд, өдгөө нийт улсын хүн амын бараг тал (47%) хувь нь оршин сууж байна. Үндэсний статистикийн хорооны мэдээгээр, 2010-2016 онуудад 126,143 хүн Улаанбаатарт албан ёсоор шилжин суурьшсанаар, 2017 онд нийслэлийн хүн ам 1,463,000 хүрчээ.
Тус судалгааны багийнхны зүгээс бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдад зориулан зөвлөмж гаргажээ.
Зөвлөмжид шилжигчдийн мэдээллийн хүртээмжийг сайжруулах, буцаж шилжих хөдөлгөөнийг дэмжих зорилгоор уугуул нутгийн амьдралын нөхцөлийг сайжруулах, хот хөдөөгийн хөгжлийн ялгааг арилгахад чиглэсэн бодлого боловсруулах шаардлагатайг тусгасан байна. Мөн нийслэлийн агаарын бохирдлыг нэмэгдүүлэхгүйн тулд шилжих хөдөлгөөнийг хязгаарласан хэдий ч үүнээс үүдэлтэйгээр иргэд хаягаа шилжүүлэхгүй байх, төрийн болон болон халамжийн эрүүл мэндийн үйлчилгээг авч чадахгүй байх нөхцөл бүрдэж байгааг онцолж байв.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|









