СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Долдугаар сар дуустал үер буух төлөвтэй байна

2018 оны 7 сарын 17

Arslan.mn

Наадмын өдрүүдээс эхлэн усархаг аадар бороо орсноос үер буух болсон. Хэд, хэдэн аймагт үер бууснаас айлууд орох оронгүй болоод байгаа бол авто замууд ч эвдэрч, сэргээн засах шаардлагатай болоод буй. Иймд бид ирэх өдрүүдэд цаг агаар ямар байх талаар Ус, цаг, уур, орчны хүрээлэнгийн цаг уурч Ч.Сарантуяагаас тодруулаа

- Долдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв ямар байна вэ?

- Долдугаар сар гарсаар Монгол орны ихэнх нутгаар хур бороо элбэг байна. 2018 оны долдугаар сарын 15-ны байдлаар ирэх өдрүүдэд нутгийн баруун болон төв аймгийн нутгаар хур бороо элбэгтэй, ахиухан орох төлөв ажиглагдлаа. Тухайлбал, Төв аймгийн Борнуур суманд усархаг бороо орсны улмаас үер буулаа. Мөн өнгөрсөн хоногуудад Баян-Өлгий аймагт ширүүн, усархаг бороо орж үер буусан байна. Сүүлийн орсон борооны улмаас Монгол  Алтай нуруу, Хангай, Хөвсгөлөөс эх авдаг жижиг голын усны төвшин нэмэгдэж, олон жилийн дунджаас ахиу болж байна.

- Монгол орны аль бүс нутгуудаар бороо хур элбэг орох төлөвтэй байна вэ. Энэ сарын сүүлээр цаг агаар ямар байх вэ?

-Доллдугаар сарын сүүлийн хагасын байдлаар бороо хур элбэг байх төлөвтэй. Тухайлбал, энэ сарын 17-нд төвийн нутгаар, 18-20-ны өдрүүдэд баруун болон төв,  зүүн аймгуудын ихэнх нутгаар гол төлөв дуу цахилгаантай бороо хуртай байх нь. Цаашид 21-нээс хойш хоёр хоног бороо хур бага зэрэг багасаж, 23-25-ны өдрүүдэд төвийн аймаг, говь болон баруун аймгуудын ихэнх, зүүн аймгуудын зарим газраар усархаг бороо орох төлөвтэй байна. Температурын хувьд бороо хур элбэгтэй газрууд буюу баруун аймгуудын хойд хагас, Монгол Алтайн уулс Хангайн нуруу, Хэнтийн өндөр уулархаг нутаг, Хангайн бүс нутгаар өдөртөө 17-22 градус, шөнөдөө 5-10 градус, Говийн бүс нутаг болон, Дорнод Монголын тал, Дарьгангын талд шөнөдөө 20-23 градус, өдөртөө 30-35 градус байна. Тал хээрийн бүс нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус байх төлөвтэй байна. Өнөөдрийн үүлнээс харахад 20-ноос хойш говийн нутгуудаар халах төлөвтэй байна. Мөн зарим газраар бороо орохын  өмнө салхи түр зуур ширүүсэх магадлалтай. Тухайлбал, 19-нөөс 20-ны үеэр баруун аймаг, төвийн бүс нутгаар ахиухан хэмжээний бороо орох төлөвтэй. Иймээс голын ай сав даган нутагладаг айл өрхүүд, аялал зугаалгаар явж буй иргэд  үер ус, нөөлөг салхинаас онцгой сэрэмжтэй байх хэрэгтэй.

- Нийслэл хотод энэ сарын сүүлчээр цаг цагаар ямар байх вэ?

- Нийслэл хотод ойрын тав хоногт өдөртөө 23-28 градусын дулаан, түр зуурын бороо элбэг орно.

Эх сурвалж: NEWS.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59580
0 эможи

keyboard_arrow_up