Э.Бөхбат: Орон нутгийн замд гуравхан цагийн шалгалт хийхэд согтуу жолооч 3 илэрсэн

2018 оны 10 сарын 05

Arslan.mn

"Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл" аяны үр дүн болон зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас явуулж буй үйл ажиллагаа болон  шинэчлэн батлагдсан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Батжаргал,  МУ-д Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн мэргэжилтэн Г.Баяндүүрэн, ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат нар мэдээлэл хийлээ.

Замын хөдөлгөөний осол, хэргээс урьдчилан сэргийлэх, өсөлтийг сааруулах, шалтгаан нөхцлийг арилгах, хөдөлгөөнд оролцогчдын үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, цагдаагийн байгууллагаас явуулж буй арга хэмжээг иргэд, олон нийтэд танилцуулах зорилгоор Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, НҮБ-ын Хүүхдийн сан, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс болон Тээврийн цагдаагийн алба хамтран “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээг энэ оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд зохион байгуулсан.

Arslan.mn

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат "Орон нутгийн зам аян эхлээд дөрвөн сар өнгөрлөө.

Зам тээврийн ослын 60 хувь нь орон нутгийн замд, нас барсан гэмт хэргийн 70 гаруй хувь нь орон нутгийн замд болж байна. Тийм учраас бид аяныг зохион байгууллаа. Энэ аяны хүрээнд бид олон бодитой ажлуудыг зохион байгуулсан.

40 цэгт анхан шатны тусламжийн пост байгуулж байна, одоогоор 20 нь ашиглалтад орсон.

21 аймгийн замд хурд хэмжигч байрлуулсан. Мөн бүх аймгуудад явуулын пост ажиллуулж эхэлсэн. Хар цэгүүдэд 64-70 мэдээлэх самбаруудыг байгуулсан. Цаашид бид хар цэгүүдийг байхгүй болгох зорилготой. Дөрвөн сарын аяны хугацаанд орон нутгийн замд замын цагдаагийн нүдийг хуурах, жолооч нь солигдох зөрчил их илэрсэн.

Тээврийн хэрэгслийн бүрэн байдал хангагдаагүй, бодит жингээс илүү ачаа тээвэрлэсэн автомашинууд хөдөлгөөнд оролцож байна. Гуравхан цагийн шалгалт хийхэд согтуу жолооч 3 илэрсэн, тэгээд 7 хүн тээвэрлээд явж байсан. Дээрээс нь орон нутагт 10 настай хүүхэд хүртэл мотоцикл унаад явж байдаг, хамгаалалтын малгайгүй. Энэ бол нэг төрлийн гэмт хэрэг. Мөн гэрэл шилжүүлэхгүй байдлаас осол аваар их гарч байгаа. Тиймээс бид орон нутгийн замд хөдөлгөөнт эргүүлүүдээ ажиллуулж байгаа." хэмээлээ.

Аяны хүрээнд нийт 439 алба хаагч, орон нутгийн авто замын 150 цэгт 58 автомашин болон бусад техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэсэн.

Уг аяныг хэрэгжүүлж, байнгын хяналт шалгалтыг зохион байгуулснаар Хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг - 18,3 хувиар, амь нас нь хохирсон хүн -24 хувиар, гэмтсэн хүн -9.6 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй гарчээ.

Аяны хүрээнд эрсдэл бүхий авто замын зорчих хэсгүүдэд нийт 64 ширхэг цацруулагч бүхий сэрэмжлүүлэх самбар байрлуулсан бөгөөд иргэд, жолооч нарт нийт 100,000 орчим гарын авлага, тараах материал тарааж урьдчилан сэргийлж ажилласан байна.
Мөн нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагуудаас уг аянд идэвхи санаачлагатай оролцож, дэмжлэг туслалцаа үзүүлж, алба хаагчдын ажиллах нөхцөл, техник хэрэгслийг нэмэгдүүлэх чиглэлээр олон үйл ажиллагааг зохион байгуулжээ. Тухайлбал гудамж замд телекамер байрлуулах, автомашиныг хөдөлгөөнт эргүүлд ажиллахад зориулж тоноглох, байнгын хяналтын цэг буюу пост байгуулах, цагдаагийн шалгах багаж хүлээлгэн өгөх зэрэг ажил, арга хэмжээг зохион байгуулсан байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр тус албанаас Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагууд, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ зэрэг байгууллагуудтай хамтран хяналт шалгалтыг тогтмол явуулсан бөгөөд аяны хүрээнд 162247 зөрчил илрүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон  3875 зөрчил, цагдаагийн нийтлэг үүргээр 424 зөрчил, эрэн сурвалжлагдсан 109 хүн, цагдаагийн байгууллагаас хэрэг зөрчлийн улмаас зарлагдсан 155 тээврийн хэрэгслийг түр саатуулан үр дүнтэй ажиллалаа.   
Цаашид уг аяныг цаг үеийн нөхцөл байдалд тохируулан жил бүр зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595622
0 эможи

keyboard_arrow_up